СХД-ийн Нэгдсэн эмнэлэг ажилтнууддаа 1.4 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-15 14:00:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СХД-ийн Нэгдсэн эмнэлэг нийт ажилчдынхаа нийгмийн асуудлын хүрээнд 1.4 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгож "Улаан бүс”-д ажиллаж байгаа эмч нар болон яаралтай тусламж, хүлээн авах тасгийн эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлжээ.


ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хуралд тус эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар, аюулгүй байдлын албаны дарга Д.Зулаа оролцож мэдээлэл өгөхдөө, "Коронавируст халдварын тусламжийн хажуугаар манай эмнэлэг үндсэн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлсээр байгаа. Ингэхдээ хүлээгдэл чирэгдэл үүсгэхгүй байх, ор хоногийн эргэлтийг сайжруулах зорилгоор өдрийн эмчилгээг нээсэн. Өдрийн эмчилгээнд, мэдрэл, сэргээн засах, уламжлалт эмчилгээ болон мэс заслын эмчилгээ багтаж байна. Мөн СХД-ийн хэмжээнд анх удаа манай эмнэлэг өндөр давтамжит радио долгионоор хавдрын түлэх эмчилгээ болон хамрын уян дуранг нэвтрүүлэн ажиллаж байна" хэмээн онцлоод "Засгийн газар болон ЭСЯ-ны шийдвэрийн дагуу нийт ажилчдадаа 1.4 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон. "Улаан бүс”-д ажиллаж байгаа эмч нар болон яаралтай тусламж, хүлээн авах тасгийн эмч нарын цалинг 15 хувиар нэмсэн. Цаашдаа ч нийт ажилчдынхаа цалинг шат дараатай нэмэх бодлоготой ажиллаж байна" гэв.


СХД-ийн нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар "КОВИД-19"-ийн 200 ор дэлгэн ажиллаж байна. Үүнээс 20 нь эрчимт эмчилгээнийх бол 180 нь энгийн ор аж. Өнөөдрийн байдлаар СХД-ийн хэмжээнд хэвтсэн нийт 8142 иргэний 3793-д коронавируст халдварын үеийн эмнэлгийн тусламж үзүүлжээ.


Үүнээс гадна 6-р сарын 10-наас эхлэн "КОВИД-19"-ийн улаан бүс энгийн тасагт шилжсэн бөгөөд одоогоор 16 эмч, 22 сувилагч, асрагч гээд нийт 64 ажилтантай тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн энэ оны 3-р сарын 29-нийг хүртэл явуулын, суурин болон тандалтын багаар ПГУ шинжилгээг авч байсан. Энэ хугацаанд нийт 10 мянга гаруй ПГУ болон түргэвчилсэн шинжилгээ авчээ. 


Мөн тус хэвлэлийн хурлын үеэр томуугийн улирал эхэлсэн энэ үед халдвараас урьдчилан сэргийлж, коронавирусний  вакцины гуравдугаар тунд идэвхтэй хамрагдахыг уриалаад СХД-ийн Нэгдсэн эмнэлэг дархлаажуулалтыг харьяалал харгалзахгүй хийж байгааг мэдээлэв.

Холбоотой мэдээ