“Ази, Европ түмний 11 дүгээр чуулган” өндөрлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ“Ази-Европын эв санааны шинэ нэгдлийг цогцлоон, эрх тэгш, шударга, хүртээмжтэй хөгжлийн арга замыг эрэлхийлэн хөгжүүлэхүй” сэдвийн дор болсон “Ази, Европ түмний 11 дүгээр чуулган” өнөөдөр хаалтаа хийв.
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох энэхүү хуралд 42 орны 750 төлөөлөгч оролцлоо. Хоёр тивийн орнуудын ард иргэдийн уялдаа холбоог бэхжүүлэх, хүсэл эрмэлзлэлийг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад хүргэх зорилго бүхий “Ази, Европ түмний 11 дүгээр чуулган” үүргээ амжилттай биелүүллээ гэдгийг Зохион байгуулах хорооны дарга Л.Төр-Од хаалтын үеэр хэлсэн үгэндээ онцлов.
Тэрбээр, “АСЕМ-ын 20 жилийн босгон дээр Монгол Улс хоёр тивийг холбож, улс орнуудын ард түмний идэвх, санаачлагаас харилцан суралцах, туулсан замын сургамжаас хуваалцахад түүхэн үүрэг гүйцэтгэлээ.
Монгол Улс Мянганы хөгжлийн 9 дүгээр зорилт буюу Ардчилсан засаг, хүний эрх, авлигагүй нийгмийг тодорхойлон хэрэгжүүлсэн нь эдүгээ 2030 он хүртэл хэрэгжих Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын 16 зорилгод тусгагдсан. Тиймээс Монгол Улс энэхүү үзэл санааг Ази, Европ төдийгүй дэлхий нийтэд үлгэрлэн манлайлах үүрэгтэй. Энэхүү үүргээ хэрэгжүүлж, Ази, Европын Түмний чуулганыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ГХЯ, АСЕМ-ын ажлын албаныхан болон бусад албаны хүмүүст талархал илэрхийлье” хэмээв.
Түмний чуулганаар байгалийн нөөцийн шударга хуваарилалт, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний тогтвортой үйлдвэрлэл, худалдаа болон хөрөнгө оруулалтыг шударга болгох стратеги, оролцоот ардчилал, цөөнхийн эрх, хүйсийн эрх тэгш байдал, терроризмд өгөх хариу зэрэг 8 гол асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хуралдааны төгсгөлд Тунхаглал гаргасан бөгөөд маргааш буюу энэ сарын 07-нд МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд дэлгэрэнгүй мэдээлнэ гэдгийг зохион байгуулагчид хэллээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал