Зуунмод хотын нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж, 800 ширхэг мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-12 20:50:50

Төв /МОНЦАМЭ/ "Зуунмод ногоон хот" аяны хүрээнд Бригадын генерал Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн энэ намар халагдах 100 цэрэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Зуунмод голын ай савыг цэвэрлэж, Зуунмод суманд байрлах Ардын засгийн анхны Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд 800 ширхэг гоёлын мод тарих ажилд биечлэн оролцлоо.


"Зуунмод ногоон хот" аяныг 4 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулж байна. Энэ 6 сарын хугацаанд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, арчлалт хамгаалалтыг сайжруулах зорилтыг дэвшүүлэн, иргэд хашаандаа мод тарьж ургуулах ажлыг дэмжин ажиллаж байна.

Мөн тус аянтай уялдаа холбоотой Төв аймгийн Засаг даргын "Эко Төв аймаг-Эко өдөр" аяныг эхлүүлэх шийдвэр гарсан нь тус ажилд үр өгөөжтэй байгаа талаар Зуунмод сумын Засаг дарга Ч. Сарангэрэл онцоллоо.

"Эко Төв аймаг- Эко өдөр" аяныгь 10 дугаар сарын 7-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэ ажлын хүрээнд аймгийн сум бүрт 100 мянган мод тарих ажил эхэлсэн байна. Намрын ажлын хүрээнд мод бут тарих, цэнэг усалгаа хийх, цэцэрлэгт хүрээлэнг цэвэрлэх ажлуудыг зохион байгуулж байна.


Холбоотой мэдээ