“Merck” компани “COVID-19”-ийн эмэндээ зөвшөөрөл хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-10-12 17:15:49

ВАШИНГТОН. /VOA/. Merck” эмийн компани “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглах эмэндээ зөвшөөрөл авах хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт /FDA/ гаргажээ. Энэхүү хүсэлтийг хүлээн авбал “молнупиравир” эм нь “COVID-19”-ийг эмчлэхэд хэрэглэх анхны дотуур ууж хэрэглэх эм болно.


Америкийн “Merck” компанийн мэдээлснээр, вирусний эсрэг үйлчилгээтэй “молнупиравир” нь “COVID-19”-өөр хөнгөн, дунд хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг 50 хувиар бууруулжээ.


Тийнхүү “Merck” болон түүний түнш “Ridgeback Biotherapeutic” компани эмэндээ яаралтай журмаар хэрэглэх хүсэлтээ даваа гарагт хүргүүлжээ. Хүнс, эмийн чанарын хяналтын газар нь одоогоор зөвхөн тарилгаар юм уу судсаар хийх эмнүүдэд зөвшөөрөл олгоод буй юм.


Мөн “COVID-19”-ийн анхны вакцинуудын нэгийг гарган авсан Их Британи-Шведийн “AstraZeneca” компани коронавирустэй тэмцэхийн тулд гарган авч буй эм нь нааштай үр дүн үзүүлснийг даваа гарагт мэдэгджээ. Тус компанийн мэдээлснээр, “AZD7442” эм “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндрэх, нас барах эрсдэлийг 50 хувиар бууруулсан байна.


Үүний зэрэгцээ Шведийн эм үйлдвэрлэгч “Roche” компани “COVID-19”-ийн эмчилгээнд ашиглах эсрэг биетийн коктейлиэ Европын Холбооны зах зээлд нийлүүлэх хүсэлт гаргаснаа мөн л даваа гарагт мэдэгджээ. Америкийн биотехнологийн “Regeneron” фирмтэй хамтран гарган авсан энэхүү эмчилгээ нь өвчтөнүүдийн биеийн байдал хүндрэхээс сэргийлэх моноклональ эсрэг биетүүдийн нэгдэл ажээ. “Ronapreve” нэртэй энэ коктейлийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг коронавирусээр халдварлах үед уулгаж байжээ. 

Холбоотой мэдээ