Нөхөн санал хураалтын урьдчилсан дүнг танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирц 36.98-39.61 хувь байснаар 50 хувьд хүрсэнгүй. Иймд СЕХ-ноос ирэх долоо хоногт нэмэлт санал хураалт зохион байгуулах боллоо.
Хэдийгээр ирц хүрээгүй ч СЕХ-ноос нөхөн сонгуулийн дүнг олон нийтэд шууд дамжуулан үзүүлж байна. Хэнтий аймагт цас их орсны улмаас мэдээллээ шууд дамжуулах боломжгүй хэсгийн хороод сүлжээтэй газар хүрч, урьдчилсан дүнг ирүүлэхэд хүндрэл учирч байгааг СЕХ-ноос мэдээлж байлаа.
Ингээд өнөөдрийн санал хураалтын урьдчилсан дүнг 23.10 цагийн байдлаар танилцуулж байна.
18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн 89 хэсгийн хорооноос 68 нь санал хураалтын дүн мэдээллээ ирүүлсэн. Уг дүн мэдээллээс тус тойргийн 50 751 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 744 иргэнээс 18 770 нь санал өгсөн байна. Үүнээс:
Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ- 12 048
Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР- 3 290
Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН-510
Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ- 239
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ-164
Ард түмний олонхын засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ- 140
28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хорооноос 56 нь дүн санал хураалтын дүн мэдээгээ ирүүлсэн байлаа. Тус тойрогт 113 993 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 8 981 иргэн байгаагаас 45 151 иргэн санал өгчээ. Үүнээс:
Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР- 23 574
"Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА- 5 096
Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ- 4 808
Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР-3 102
Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА- 2 943
Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ-1 793
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА-1391
Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ-193
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ-105
Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ-74 санал авсан байна.
Дээрх дүн нь эцсийнх биш бөгөөд нэмэлт санал хураалтын дараа саналын тоог нэмж, эцсийн дүнг гаргах юм.
Ташрамд дурдахад, дээрх хоёр тойргийн 148 хэсгийн хорооноос 16-д ирц 50 хувьд хүрсэн. Харин бусад хороодод ирц хүрээгүй бөгөөд нэмэлт санал хураалт явуулах юм. СЕХ-ноос өнөөдрийн санал хураалтын дүнг нэгтгэн, 100 хувь гараар хяналтын тооллого хийнэ. Үлдсэн саналын хуудсыг лацдан нэмэлт санал хураалтын үеэр ашиглах аж.