"Сүхбаатарт үйлдвэрлэв-2021" үзэсгэлэн худалдаанд 100 гаруй үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-10-08 13:54:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Намрын ногоон өдрүүд “Сүхбаатарт үйлдвэрлэв-2021” үйл ажиллагаа Баруун-Урт суманд болж байна. Уг үйл ажиллагаанд 11 сумын 100 гаруй үйлдвэрлэл эрхлэгч оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ орон нутгийн иргэдэд сурталчлан танилцуулж, мөн худалдан борлуулж байна.

12 дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, сүү цагаан идээ, гурил гурилан бүтээгдэхүүн, эсгий, мод, гоёл чимэглэлийн гар урлал, үндэсний дээл хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнүүд дэлгэжээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэн худалдааны дараа үйлдвэрлэл эрхлэгчдийг есөн номинациар шалгаруулах аж.


Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны нээлтэд аймгийн удирдлагууд, зохион байгуулагч талууд болох Сүхбаатар аймаг дахь ХАҮТ, СХЗХ, ХХААГ, МХГ, Сүхбаатар хөгжил ҮТП-ийн төлөөллүүд оролцов. Мөн энэ үеэр худалдааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төр болон салбарын шагналаар шагнаж урамшуулсан юм.

 

Холбоотой мэдээ