Xовд аймагт тарвасын баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-05 20:51:08

Ховд /МОНЦАМЭ/. Тарвас бол Ховд нутгийн брэнд бүтээгдэхүүний нэг юм. Иймээс нутгийн онцлог, брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор “Тарвасын баяр-2021” үйл ажиллагааг өнөөдөр Ховд аймгийн төв талбайд зохион байгууллаа.  

Энэ хүрээнд мэргэжлийн байгууллага, тогооч нар тарвас болон бусад төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо ашиглан хоол, ундаа зэргийг хийж, олон нийтийн хүртээл болгосон юм.    

Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, нөхөрлөл, хоршооны төлөөлөл үндэсний хувцас, цагаан идээ, гар урлал, сур суран эдлэл, гоёл чимэглэл зэрэг бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаанд оролцлоо.  

Энэ үeэр танилцуулсан бүтээгдэхүүнээс онцлоход хамгийн том хулуу 10 кг, тарвас 13 кг жинтэй байлаа. Мөн давсан дээр шарсан хонины хуйхалсан мах, тарвасын хуурга гэх зэрэг хоол иргэдийн сонирхлыг татав. 

Ийнхүү Ховдын тарвас - хоол, ундааны баяр нь орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байснаараа онцлогтой.    


Ховд аймгийн тухайд жилд дунджаар 5000 гаруй тонн тарвас хураан авдаг гэх судалгаа гарчээ. Тарвасаар 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж, нэмүү өртөг шингээн худалдах, цаашлаад гадаад, дотоодын жуулчдыг татах, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх боломж байгааг энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан сурталчиллаа.   

Холбоотой мэдээ