Ковидын хажуугаар томуунд нэрвэгдэхгүй байх нь онцгой чухал байна

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-10-08 10:19:24

Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед томуу, томуу төст өвчний халдвар ч  нэлээд өндөр хэмжээнд дэгдээд байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна.


Хичээлийн шинэ жил эхэлж, хүйтэн сэрүүний, өөрөөр хэлбэл, томуугийн улирал ирлээ. Томуу бол арав, арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэлх хугацаанд тархалт идэвхитэй явагддаг цочмог халдвартай өвчин. Цар тахлаас гадна улирлын томуугаас давхар сэргийлэх, хувь хүмүүс өөрсдөө эрүүл мэндээ сахиж хамгаалах онцгой шаардлагатай болж байна. Үүний тулд мэдээж томуугийн вакцинд хамрагдах нь чухал. Ковидын халдварын тархалт их байгаа энэ үед үгүйдээ л ханиад томуугаар өвчлөхгүй байхыг хичээх нь хүн бүрийн үүрэг хариуцлагын асуудал гэж хэлж болно. 


Улсын хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 07-ны өдрийн байдлаар Covid-19-ийн халдварын батлагдсан нийт тохиолдлын тоо 423 мянгад хүрлээ. Үүний талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатарт бүртгэгдсэн. Өдөрт батлагдах тохиолдлын тоо хоёр мянгаас буухгүй байна. Яг өнөөдрийн байдлаар хот хөдөөгийн эмнэлгүүдэд 22 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 4000 орчим нь хүүхэд.

Бүх шатлалын эмнэлэг үндсэндээ ачааллаасаа хэт давсан үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм. Хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эмнэлгийн ор хүрэлцээгүй болсон. Улирлын ханиад туссаныг бүү хэл, ковидын халдвартай иргэнээ ч хүлээн авах боломжгүй, 60 орчим мянган хүн гэрээр өөрсдийгөө эмчилж байна.


Ийм үед томуугаар өвдөж хүндэрвэл эмнэлэг бараадна гэдэг шулуухан хэлэхэд боломжгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Тиймээс томуугаас сэргийлж, дархлаа тогтоох вакцинд хамрагдах нь хамгийн зөв бөгөөд найдвартай арга юм. Эрүүл мэндийн салбарынхан ч ингэж зөвлөж хэлж байна. Томуугийн вакцин мэдээж үнэгүй. Ер нь манайх шиг гадны улс орнуудаас өндөр үнэтэй вакцин худалдаж авчраад иргэдээ бараг л гуйж байж дархлаажуулдаг улс байхгүй гэхэд болно. Дэлхий даяар коронавируст халдварын эсрэг вакцины эрэлд гарч байхад манай улс хэд хэдэн төрлийн вакцинаас шилж сонгуулаад л хийлгэж байх жишээтэй.


Энэ жилийн хувьд Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсан юм. Одоо дархлаажуулалтандаа хамрагдахыг мөн л уриалсаар байгаа. Нийслэлд өнгөрсөн есдүгээр сарын 13-нд эхэлсэн томуугийн эсрэг вакцинжуулалт 90 орчим хувь буюу нэлээд өндөр хамралттай байна. Үүний дийлэнх нь бага насны хүүхдүүд аж. Зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөснөөс нийслэлийн хэмжээнд одоо 20-иод мянган хүн тун вакцин хийгдээгүй эзнээ хүлээж байна. Аймаг орон нутагт нийт дүнгээрээ тийм ч хангалттай хэмжээнд хамрагдаагүй байгаа дүн мэдээ бий.


Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхижиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна гэж эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон, хэд хэдэн мянгаар нь ор нэмж дэлгээд ч ковидоор өвчлөгсдөө бүрэн гүйцэд хүлээж авах боломжгүй болсон энэ үед бид өөрсдөө хариуцлагаа ухамсарлаж, эрүүл мэндээ бодож, томуугийн өвчлөлд давхар нэрвэгдчихэлгүй шиг хүйтний улирлыг давах хэрэгтэй байна.


Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн эмнэлгүүд вакцин оруулж ирж төлбөртэй хийх явдал ч мэр сэр байх болсон. Вакцины үйлчлэх хүрээ нь адил учир төлбөртэй нь сайн чанартай, үнэгүй нь чанаргүй гэсэн зүйл байхгүй гэдгийг ЭМЯ-наас тайлбарладаг. Жил бүр томуугийн вирус хувьсан өөрчлөгдөж байдаг учир вакцины үр дүн янз бүр. ЭМЯ, ХӨСҮТ нь томуугийн тандалтын шинжилгээ, судалгааны дүнгээр тухайн жил ямар хүрээний томуугийн вирусын тархалт бий болох магадлалтайг үндэслэж вакцинаа захиалж авдаг байна.


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас ханиад томуунаас сэргийлэх дарxлаа тогтооход томуугийн вакциныг л зөвлөдөг. Тухайн жилд дэгдэж байгаа вирусээс нэг жилийн хугацаанд хамгаалах  ба хэрэв өвчилбөл хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга гэж үздэг. Ханиад томуугийн улмаас нас барах тохиолдол ч бий.

Дархлаажуулалтад зайлшгүй хамрагдах шаардлагатай зорилтот бүлэгт:

·   Бага насны хүүхэд

  • 65-аас дээш насныхан
  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • Амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчтэй хүмүүс
  • Чихрийн шижин өвчтэй хүмүүс
  • Бусад архаг өвчтэй хүмүүс хамаарах бөгөөд суурь өвчин сэдэрч хүндэрдэг хүмүүс
  • Эрсдэлтэй нөхцөлд ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс багтдаг. Гэхдээ сүүлийн үед илүү өргөн хүрээнд хамруулдаг болсон байна.

Хамгийн гол нь хувь хүн өөрөө вакцин хийлгэх эсэхээ шийддэг, сайн дурын үндсэн дээр хийдэг. Тийм болохоор томуугаас сэргийлэх боломж тухайн хүнд бий гэсэн үг.

Дархлаажуулалтад хамрагдахыг хүссэн зорилтот бүлгийн иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахад л болох юм. 

 

Холбоотой мэдээ