"Hulan-21" гар утсыг хил нэвтрүүлэхдээ худал мэдүүлж татвараас зайлсхийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-05 13:59:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Гаалийн ерөнхий газар /ГЕГ/ он гарснаас хойш 776 зөрчил илрүүлж, 30 зөрчилд хэрэг бүртгэл нээн ажиллаж байна. Энэ онд КОВИД-19-тэй холбоотойгоор хил, гаалиар нэвтрэх бараа бүтээгдэхүүн, хүнээс хамааралтай илрэх зөрчил ийнхүү илт буурсан тухай ГЕГ-аас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 


ГЕГ-ын зөрчил хянан шийдвэрлэх, хэрэг бүртгэлтийн албаны дарга Б.Сүхбаатар хэлэхдээ, “Гаалийн ерөнхий газар он гарснаас хойш 776 зөрчил илрүүлж, 30 зөрчилд хэрэг бүртгэл нээн ажиллаж байна. Ердийн үед жилд 2500-4000 гаруй зөрчил илэрч 10 гаруй тэрбум төгрөгийн торгууль тавьдаг байсан. Энэ онд КОВИД-19-тэй холбоотойгоор хил, гаалиар нэвтрэх бараа, бүтээгдэхүүн, хүнээс хамааралтай илрэх зөрчил, үйлдэл буурсан.




Дээр дурдсан 776 зөрчилд 2.1 тэрбум төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 1.2 тэрбум төгрөгийн торгууль шийтгэл оногдуулсан байна. Зөрчлийн улмаас 37.9 сая төгрөгийн барааг улсын орлого болгохоор түр саатуулж, 56.8 сая төгрөгийн үнэ бүхий барааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд түр хураагаад байна.

Гаалийн байгууллагын системийн хэмжээнд оны эхний зургаан сарын байдлаар нийт 2,407 зорчигчийн 7.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний бэлэн мөнгөний гаалийн мэдүүлэг бүртгэгдсэн.

Монгол Улсын иргэн Х улсын хилээр гарах чиглэлд 133 мянга 700 юань буюу 58.9 сая төгрөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн.       


Мөн Монгол Улсын иргэн энэ оны наймдугаар сарын 9-нд Өмнөд Африкаас 989.2 грамм буюу их хэмжээний мөсөн бодисыг улсын хилээр нэвтрүүлснийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн шалгаж, торгууль ногдуулсан. Тус гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүргийн иргэн Э нарыг холбогдуулан шалгасан бөгөөд тухайн хүн өмнө нь Хонконг улсад хар тамхи мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдлээд суллагдсан. Улмаар 2020 онд Монгол Улсад ирсэн ч ийнхүү дахин гэмт хэрэгт холбогдсон байна.

Харин хилийн боомтуудтай холбоотой зөрчлийг хянан, шалгах ажил үргэлжилж байгаа. Гаалийн байгууллага цаашид зөрчлийг илрүүлэх, хяналтыг сайжруулах тал дээр илүү боловсронгуй болгох боломжтой” гэв.


Түүнчлэн энэ оны есдүгээр сарын 30-нд Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газарт цахим хяналт тавьж ажиллах үеэр "Монголд үйлдвэрлэсэн" гэх тодотголтой "Hulan-21" гар утсыг Монгол Улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утасны сэлбэг, хэрэгсэл гэж худал мэдүүлсэн зөрчлийг илрүүлжээ. Тухайн этгээд нийт 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Уг хэргийг прокурорын байгууллагын хяналт дор шалгаж байгаа бөгөөд зөрчил гаргасан иргэн торгуулиа төлбөл хураагдсан бараа бүтээгдэхүүнийг эргүүлэн олгохыг ГЕГ-аас мэдээлэв.  



Холбоотой мэдээ