АН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд өнөөдөр АН-ын удирдлагууд, гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.
Одоогоос 23 жилийн тэртээ буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амиа алдсан юм.
Цэцэг өргөх ёслолын үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, “С.Зориг агсан бол ардчиллын бэлгэ тэмдэг болж, түүхэнд мөнхөрч үлдсэн хүн. Харамсалтай нь С.Зориг агсны хэргийг улстөрчид өнгөрсөн он жилүүдэд сонгууль бүрийн өмнө улстөржүүлдэг. Энэ бол туйлын увайгүй үйлдэл” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “С.Зориг агсан бол үзэл санаа, үйл хэргийн удирдагч. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэдэг үг нь өнөөдөр, ирээдүйд улам бүр үнэ цэнтэй байна. Ирээдүйд учрах бүх зүйлийг бид монгол хүний саруул ухаанаар даван туулна” гэв.
УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, “С.Зориг бол тухайн үеийн төр нийгмийн зүтгэлтнүүдийн сор болсон улстөрч байлаа. Энэ хүнийг хөнөөсөн хэргийг илрүүлэх цаг хугацаа хангалттай байсан. Тиймээс түүний амиа алдсан хэргээр улстөржихөө больж, захиалагчийг илрүүлж хариуцлага хүрээлгэх ёстой” хэмээв.