Уран бичлэгийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-30 19:43:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр Говь-Алтай аймгийн төрийн байгууллагын 54 алба хаагчийг эх хэлний сургагч багшаар бэлтгэх сургалт эхэллээ.

Говь-Алтай аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс Соёлын яаманд төрийн алба хаагчдын эх хэлний чадварыг сайжруулах, “Үндэсний бичигтэн аймаг” болох хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд чиглэсэн төсөл бичиж илгээсэн нь шалгарсан байна. Төслийн хүрээнд энэ оны 11 дүгээр сард багтаан аймгийн Соёлын хэлтэс, аймгийн ЗДТГ, Хэлний бодлогын салбар зөвлөлтэй хамтран ард иргэд, төрийн албан хаагчдын дунд тодорхой үйл ажиллагааг өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Сургалтын талаар Говь-Алтай аймгийн Соёлын хэлтсийн дарга С.Цагаанбаатараас тодруулахад: 

-“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Үндэсний бичигтэн аймаг" болох аян, "Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" арга хэмжээний хүрээнд ард иргэд, төрийн албан хаагчдын дунд үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, унших, бичих ур чадварыг дээшлүүлэх, шилдэг уран, цэвэр сайхан бичигтнүүдийг тодруулах зорилготой уралдааныг зохион байгуулж байна.

Энэхүү уралдааныг хичээнгүй бичиг, таталган бичиг, каллиграфийн төрөл, хичээнгүй болон бүтээлч уран бичлэг гэсэн сэдвийн хүрээнд явуулж буй бөгөөд уралдаанд оролцогчдыг бэлтгэн оролцуулах, тэдний бичгийн чадварыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, нийтээрээ хэрэглээнд оруулах зорилгоор ийнхүү МОНЦАМЭ  агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонинтой хамтран сургагч багш бэлтгэх гурван өдрийн сургалтыг өнөөдөр эхлүүллээ. 

Сургалт уран бичлэгийн төрөл болох таталган бичиг, каллиграфийн төрлөөр МУСГЗ, “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, судлаач, багш Б.Элбэгзаяа, сонины ажилтан, эх бичиг судлаач багш Б.Нямаа нар удирдан бичих арга техникийг зааж байна.

Харин оролцогчид сургалтаа дүүргээд сургагч багш болоод харьяа сум, байгууллагадаа очин сурсан мэдсэнээ түгээн дэлгэрүүлэх, уралдаанд оролцогчдыг дадлагажуулах юм” хэмээлээ. 

Энэхүү сургалт аравдугаар сарын 2-ныг хүртэл Алтай хотод үргэлжилнэ.


Холбоотой мэдээ