“YouTube” вакцины талаарх ташаа мэдээллийг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-09-30 17:03:45

ВАШИНГТОН. /VOA/. YouTube” платформ улаанбурхан, салхин цэцэг гэх мэт аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг үр дүнгүй, аюултай гэж мэдэгдсэн бүх бичлэгийг хориглохоор болсноо лхагва гарагт мэдэгджээ.


Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрлийг албан ёсоор авсан вакцинуудыг аюултай, сөрөг нөлөөтэй, халдварын тархалтыг бууруулдаггүй гэх утга агуулгатай, мөн вакцины найрлагын талаарх буруу ташаа мэдээлэл агуулсан контентыг устгах ажээ.


“Эрүүл мэндийн байгууллагууд үр дүнтэй нь холбоотой зөвлөмжийг байнга хүргүүлсээр ирсэн ч вакцин нь ширүүн маргааны эх үүсвэр хэвээр байсаар байна. Иймд өнөөдөр бид ДЭМБ болон улс орнуудын эрүүл мэндийн байгууллагуудаас аюулгүй, үр дүнтэй болохыг нь баталсан вакцинуудын талаарх удирдамжаа шинэчилж байна” гэж “YouTube” мэдэгджээ.


Харин вакцины талаарх бодлого, шинэ вакцины туршилт, түүхэнд бичигдэн үлдсэн вакцины ололт амжилт, алдаа дутагдлын талаар өгүүлэх контентыг байршуулахыг үргэлжлүүлэн зөвшөөрнө. Өмнө нь “YouTube”-ийн хэрэгжүүлсэн “COVID-19”-ийн вакцины талаарх бодлого нь “хэт түрэмгийлсэн шинжтэй” гэх шалтгаанаар олны шүүмжлэлд өртсөн юм.


Энэ долоо хоногийн мягмар гарагт “YouTube” ОХУ-ын төрийн өмчийн “RT” телевизийн герман хэлээрх сувгуудыг “COVID-19”-ийн талаарх бодлогыг зөрчсөн хэмээн үзэж хаажээ. Үүний хариуд ОХУ сувгуудыг устгасан шийдвэрийг “урьд хожид үзэгдэж байгаагүй мэдээллийн түрэмгийлэл” хэмээн тодорхойлоод, “YouTube”-ыг хориглоно гэж заналхийлжээ.


YouTube”-ын мэдээлснээр, сүүлийн нэг жилийн хугацаанд “COVID-19”-ийн талаарх буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх бодлогын хүрээнд 130 мянга гаруй бичлэгийг устгасан байна. 

Холбоотой мэдээ