1-5 дугаар ангийн сурагчид ирэх сард танхимаар хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-28 10:49:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 25 сургууль, 33 цэцэрлэгт нийт 2663 багш, ажилтан бий.

Энэ хичээлийн жилд Ховд аймгийн eрөнхий боловсролын сургуулиудад 21 мянга орчим сурагч суралцаж байна. Үүнээс 10 мянга гаруй нь бага ангийн сурагч юм.  

Судалгаагаар багш, ажилтан, сурагчдын дийлэнх хувь нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагдсан. Мөн тодорхой хувь нь халдвар авч, эдгэрсэн аж.

Одоогийн байдлаар Ховд аймгийн eрөнхий боловсролын сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар, 6-12 дугаар ангийн сурагчид танхимаар хичээллэж байна.

Зарим сурагч цахим сургалтын үед хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй, хоцрогдолд орох эрсдэл тулгарч байсан.  

Тэгвэл сүүлийн үeд Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тархалт, өвчлөлийн тоо харьцангуй буурсан үзүүлэлттэй байна.

Иймээс Ховд аймгийн Онцгой комисс eсдүгээр сарын 27-ны өдөр хуралдаж, ирэх долоо хоногийн даваа гараг буюу аравдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг танхимаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.  

Ингэхдээ ЭМЯ, БШУ-ны сайдын хамтарсан тушаалаар баталсан “Түр журам”, халдвар хамгааллын дэглэм мөрдөн ажиллах юм.

Харин одоогоор цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэх хугацааг түр хойшлууллаа. 

Холбоотой мэдээ