"Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021" буухиа тэмцээн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-27 18:02:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЗХЖШ-ын даргын тушаалаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд энэ сарын 23,24-нд "Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021" буухиа тэмцээнийг зохион байгуулав.


Тэмцээний нэгдсэн дүнгээр Хил хамгаалах ерөнхий газрын баг шилдэг эрэгтэй, эмэгтэй эмч, шилдэг эрүүл мэндийн зааварлагч, шилдэг жолооч зэрэг төрөлд тэргүүлэн багийн нэгдсэн дүнгээр шилдгийн шилдгээр шалгарч шилжин явах алтан цомын эзэд болжээ.


Өнгөрсөн жил уг тэмцээнийг ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсээс санаачлан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд зохион байгуулж байжээ. Харин энэ жилийн хувьд хүрээгээ тэлж хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнууд оролцсоноороо онцлог болсон байна.




Тэмцээнд Зэвсэгт хүчин, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, Агаарын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн удирдах газар, Цэргийн төв эмнэлэг зэрэг найман байгууллагын 16 баг, 96 тамирчин эрэгтэй, эмэгтэй төрөлд өрсөлджээ. Энэхүү тэмцээнийг хос тангарагтай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, цаашид олон улсын тэмцээн болон энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэлийг хангах зорилгоор зохион байгуулж байна.



Холбоотой мэдээ