Дэлхий даяар 6.06 тэрбум гаруй тун вакцин тарьжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-09-24 11:30:39

ВАШИНГТОН. /Bloomberg/. Дэлхийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан вакцинжуулалт үргэлжилсээр байна. Ийнхүү дэлхийн 184 улс оронд 6.06 тэрбум гаруй тун вакцин тариад буйг “Bloomberg” агентлагийн тоон мэдээлэл харуулж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар өдөрт 32.3 сая тун вакцин тарьж байгаа ажээ.


Өнөөдрийн байдлаар нийт 6.06 тэрбум тун вакцин тариад буй нь дэлхийн хүн амын 39.5 хувийг бүрэн вакцинжуулахад хүрэлцэх юм. Гэвч улс орнуудын вакцинжуулалтын түвшин өөр хоорондоо эрс тэс ялгаатай байна. Тухайлбал, өндөр орлоготой улс орон, бүс нутгуудын хувьд хүн амаа бага орлоготой улс орнуудаас 20 дахин хурдан вакцинжуулж байна.


Дэлхий дахин хэвийн амьдралдаа хэзээ эргэн орох вэ?

COVID-19”-ийн хамгийн сайн вакцинууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барахаас урьдчилан сэргийлэхэд өндөр үр дүн үзүүлж байгаа ч цар тахлыг зогсоохын тулд уялдаа холбоотой кампанит ажил явуулах шаардлагатай юм. Халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Америкийн хүн амын 70-85 хувийг вакцинжуулснаар хэвийн амьдралдаа эргэн орох боломж бүрдэнэ.


Дэлхийн хэмжээнд авч үзвэл энэ нь амаргүй зорилт юм. Өдөрт 32.3 сая тун вакцин тарьж буй одоогийн хурдаар тооцоолбол, дэлхий даяар дархлаажуулалтын түвшнийг дээр дурдсан өндөр хэмжээнд хүргэхэд урт хугацаа шаардлагатай хэвээр байна. Гэсэн хэдий ч үйлдвэрлэлийн хүчин чадал аажмаар нэмэгдэж байгаагийн сацуу цаашид шинэ вакцинууд зах зээлд нийлүүлэгдэх юм.


Дэлхийн хэмжээнд өдөрт тарьж буй вакцины тунгийн тоон үзүүлэлт /саяар/


Вакцинд хамрагдаагүйгээс үүдэлтэй цар тахал

COVID-19”-ийн вакцинууд халдварын муруйг бууруулна гэдгийг Израил улс хамгийн анх дэлхий дахинд харуулсан. Тус улс нь коронавирусний эсрэг вакцинжуулалт эхлэх үеэс дэлхийн улс орнуудыг тэргүүлж, хоёрдугаар сар гэхэд 70 болон түүнээс дээш насны хүн амынх нь 84 гаруй хувь вакцины хоёр тунд хамрагджээ. Ийнхүү халдварын тохиолдлууд эрс буурсан бөгөөд түүнээс хойш олон арван улс оронд ижил үр дүн ажиглагдсан юм.


Харин коронавирусний хурдан халдварладаг “Дельта” гэх мэт шинэ хувилбарууд үүсэн гарч ирснээр энэхүү ахиц дэвшилд аюул тулгарч, халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэх болоод байна. Ийнхүү одоо вакцин, вирусний хооронд "амьдрал, үхлийн тулаан" өрнөж байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүст урьд урьдынхаас илүү эрсдэл нүүрлээд буйг Америкийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “вакцинд хамрагдаагүйгээс үүдэлтэй цар тахал” гэж нэрлэх болжээ.


Одоогоор хэрэглэж буй вакцинуудыг хийлгэснээр “Дельта” хувилбараар халдварласан тохиолдолд хөнгөн өвчлөх магадлалтай байгаа ч халдвар авсан хүмүүс бусдад дамжуулах эрсдэлтэй гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Гэхдээ вакцинууд халдвар хүндрэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, цаашлаад нас барахаас үр дүнтэйгээр хамгаалж байгаа хэвээр байна.


Вакцинжуулалт ба халдварын тохиолдлууд

COVID-19”-ийн вакцинжуулалт өндөр байгаа газруудад халдварын үзүүлэлтүүд буурах хандлагатай байна. Одоогийн байдлаар, 45 газар нутаг хүн амынхаа дор хаяж 60 хувийг “COVID-19”-ийн вакцины хангалттай тунд хамруулаад байна.


Дэлхий даяар вакцинжуулалтын кампанит ажил эхэлснээс хойш вакцины хуваарилалт тэгш бус байсан бөгөөд улс орнуудын вакцинд хамрагдсан хүмүүсийн тоонд ихээхэн ялгаа гарч эхэлсэн юм. Гуравдугаар сараас өмнө л гэхэд, Африкийн цөөн орон вакцины эхний нийлүүлэлтийг хүлээн аваад байсан. Харин АНУ-д өнөөдрийн байдлаар 100 хүн тутамд 116.8 тун вакцин тариад байна.


Хүн амаа “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамруулсан үзүүлэлтээр Мальдив дэлхийн улс орнуудыг тэргүүлж байгаа бөгөөд хүн амынх нь 97.4 хувь вакцинд бүрэн хамрагджээ. Түүний араас АНЭУ, Гринланд, Уругвай, Бахрейн, Куба, Катар, Мальта, Израил, Кайманы арлууд, Чили, Сингапур, Эх газрын Хятад Сейшелийн арлууд, Португал, Исланд, Дани, ИспаниКанад, Ирланд, Бельги, Норвег, Бутан, Франц, Камбож, Их Британи, Аруба, Сан Марино, Монгол, Итали, Бермуд, Нидерланд,  Финланд, Швед, Кипр зэрэг улс орон, бүс нутгууд хүн амынхаа 65 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулснаар эхний байруудад жагсаж байна.  


Хүн амаа вакцинд бүрэн хамруулсан үзүүлэлтээр Мальдив тэргүүлж байна

Холбоотой мэдээ