Нобелийн шагналтнууд эх орондоо шагналаа гардан авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-24 09:38:07

СТОКХОЛМ. /NHK/. Нобелийн шагнал хүртэгсэд коронавирусний цар тахлын улмаас хоёр дахь жилдээ дараалан эх орондоо медаль, дипломоо гардан авахаар боллоо гэж Нобелийн сан пүрэв гарагт мэдэгдэв.


Цар тахлын улмаас олон улсын зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтууд тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж буйг уг мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.


Өнгөрсөн онд Нобелийн шагналтнууд өөрийн улс дахь Элчин сайдын яам, их сургууль тэргүүтэй газруудад медаль, дипломоо гардан авч, тэдгээр үйл ажиллагааг цахимаар олон нийтэд үзүүлсэн юм.


Шагнал гардуулах ёслолыг уламжлал ёсоор бол Шведийн нийслэл Стокхолм хотноо 12 дугаар сард зохион байгуулдаг билээ. Харин Стокхолм хотын засаг захиргаанд болох энэ жилийн ёслолыг цахимаар дамжуулах бөгөөд нөхцөл байдал сайжирсан тохиолдолд дотоодын төлөөлөгчдийг оролцуулах ажээ.


Нобелийн сангийн мэдээлснээр, Норвегийн нийслэл Осло хотноо гардуулдаг Энх тайвны шагналтай холбоотой шийдвэрийг ирэх 10 дугаар сарын дундуур гаргана.


Энэ оны Нобелийн шагналтнуудыг 10 дугаар сарын 4-нөөс танилцуулж эхлэх ажээ. 

Холбоотой мэдээ