Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10 даваатай башёг тэргүүлж явна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-09-23 17:06:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо үргэлжилж байгаа сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 12 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Мэйсейтэй барилдаж, түүнд шитатэнагe мэхээр унаж, 10 даваа, 2 унаатай боллоо.

 

Аки башёгийн  12 дахь өдөр Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн, Окиноүми/М-8/-тай хүч үзэж, түүнд уватэнагe мэхээр унаж, 7 даваа, 5 унаатай болов

 

Хошёорюү С.Бямбасүрэн /М-1/, Дайэйшо /М-4/-той учраа таарч барилдан, түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 7 унаатай /тэр гэмтлийн улмаас 2 өдөр өнжсөн/ боллоо. Комүсүби Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Окэки Шодай нар өнөөдөр таарч барилдан Ичиножёо хатакикоми мэхээр давснаар 6 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

 

Тамаваши /М-4/Б.Мөнх-Оргил энэ өдөр Комүсүби Такаясү-тэй таарсан боловч, тэр өчигдөр гэмтэл авсан учраас өнжиж, Тамаваши 5 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.

 

Харин энэ башёд 3 даваатай яваа Чёошома /М-5/ Г.Мөнхсайхан, Вакатакакаге /М-3/-тэй барилдан, түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 9 унаатай боллоо.

 

Аки башёгийн 12 дахь өдрийн байдлаар 10 даваатай шинэ Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ башёг ганцаараа тэргүүлж байна. Харин Их аваргын араас Миёогирюү, Окиноүми, Эндо, Оношо нарын 4 сумоч 3 унаатай нэхэж явна.



Холбоотой мэдээ