Эрүүл мэндийн "Нэг цэгийн үйлчилгээ" бий болгохоор шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-22 11:46:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 9 дүгээр сарын 21-ний орой Дундговь аймгийн Онцгой комисс өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, коронавирусний халдварын нөхцөл байдал, цаг үеийн бусад асуудлаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.  

Сүүлийн өдрүүдэд тус аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тохиолдол өсч, өчигдрийн байдлаар 24 цагийн хугацаанд 297, өнөөдрийн байдлаар 169-өөр нэмэгдэж байна.

Онцгой комиссын хуралдаанаас энэ оныг дуустал тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээн, хяналт, шалгалтыг чангатгах, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой нэг цэгийн үйлчилгээг бий болгох, 3 дахь тунгийн дархлаажуулалтын ажлыг идэвхжүүлэх зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг явуулахаар боллоо.

Аймгийн Онцгой комиссын өмнөх хуралдаанаас хурим найр, хүүхдийн үс авах, унага тамганы найр, сургалт, олон нийтийг цуглуулсан үйл ажиллагааг хориглосон ч гэсэн иргэд шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа тул хатуу хяналт тавихыг сумын Засаг дарга нар, хууль, хяналтын байгууллагууд, Онцгой комисст үүрэг болгосон.

Өчигдрийн байдлаар нийт 1373 өвчтөн эмчлүүлж байгаагаас эмнэлгүүдийн орны хүрэлцээнээс хамаарч 731 иргэн гэрээр эмчлүүлж байгаа юм. Гэрээр эмчлүүлж байгаа иргэд гадуур явах, ажлаа хийх зэрэг үйлдлүүд илэрч байгаа учраас тэдэнд тавих хяналтыг сайжруулахаар шийдвэрлэлээ.

Сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг БШУ-ны сайдын тушаалын дагуу хэвийн үргэлжлүүлэх ба хэрэв сургалт, хүмүүжлийн ажлыг бүрэн цахимжуулах шаардлагатай бол сумдын Онцгой комисс дотооддоо шийдвэр гаргахаар болж байна.

Мөн аймгийн Спорт зааланд шинжилгээ авах, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, дархлаажуулалт хийх зэрэг эрүүл мэндийн хэд хэдэн үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ”-г нээн ажиллуулах шийдвэр гаргалаа. 

Холбоотой мэдээ