Залуучуудын гарааны бизнесийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-13 16:27:53
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 18-34 хүртэл насны залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр зарлалаа.
Өмнөговь аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих сургалт, үйл ажиллагааг энэ сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус аймгийн үндсэн харьяат 34 хүртэлх насны ажил хөдөлмөр эрхэлдэггүй 50 залуус оролцох боломжтой юм. Оролцох хүсэлтэй залуус ажил хөдөлмөр эрхэлдэггүй болон хөдөлмөрийн хэлтэст ажил хайгчаар бүртгүүлсэн байх, эрүүл мэндийн даатгалаа сүүлийн 2 жил төлсөн байх, нийгмийн ямар нэгэн асуудлыг шийдвэрлэсэн гарааны бизнесийн санаатай байх шаардлагатай.
Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхийн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүл мэндийн даатгал төлсөн тухай тодорхойлолт, хөтөлбөрт хамрагдах тухай гар өргөдөл, өөрийн бизнес санааг товч, тодорхой, шинэлэг байдлаар тайлбарласан 3-5 минутын видео бичлэгийг Startup.omnogovi@gmail.com мэйл хаягаар ирүүлнэ. Цахим бүртгэлд бүртгүүлсэн залуучууд дээрх материалаа бүрдүүлэн энэ сарын 24-ний дотор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст авчирч өгснөөр бүртгэл баталгаажих болно. Сургалтад хамрагдсан залуучуудаас шалгарсан гарааны бизнес эрхлэгч залуучуудад 5 сая хүртэлх төгрөгийн эргэн төлөлтгүй санхүүжилт олгох юм.
Холбоотой мэдээ