Уул, уурхайн хоёр компанид зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-07 15:57:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 4,5-ны өдрүүдэд Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Хүйтний гол, Бичигт хад орчим байрлах уул, уурхайн компаниудад шалгалт хийжээ.

Тодруулбал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Барилга Орд” ХХК, “Бичигт хад майнинг” ХХК-ийн үйл ажиллагаанд Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газраас хамтарсан үзлэг шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар ямар зөрчил дутагдал илэрсэн талаар өнөөдөр мэргэжлийн байгууллагууд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

“БИЧИГТ ХАД МАЙНИНГ” ХХК нь :

2021 оны уулын ажлын төлөвлөгөөнд найман блок гаргахаар тусгагдсанаас одоогийн байдлаар хоёр блокийн 1,6 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заагдсан бичиг баримтаа бүрэн бүрдүүлжээ. Харин тус компани нь зөвшөөрөлтэй талбайгаас 20 орчим метр газрыг хэтрүүлэн ухаж олборлолт явуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж тогтоогдсон учир Цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

“БАРИЛГА ОРД” ХХК нь:

2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тодорхой засвар оруулахаар Байгаль орчны яаманд хүргүүлжээ. 2021 оны уулын ажлын төлөвлөгөөнд 2,4 га талбайд хөрс хуулж, олборлолт хийхээр тусгагдсан байснаас 1.07 га талбайд хөрс хуулалт хийжээ. Харин менежментийн төлөвлөгөө, усны гэрээ хийгдээгүй учраас зөрчлийн хэрэг үүсгэжээ. Цаашид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт буй хяналт шалгалт хийх бөгөөд мэдээллийг цаг тухай бүрт хүргэж байна гэлээ.

Холбоотой мэдээ