“Залуучуудын-100 жил” орон нутгийн залуучуудын цахим уулзалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-07 10:13:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсад Залуучуудын хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, "Залуучуудын хөгжлийн сарын аян"-ы хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Залуучуудын-100 жил” орон нутгийн залуусын цахим уулзалтыг энэ сарын 9-ний өдрийн 09:30-12:00 цагийн хооронд зохион байгуулна.

Энэхүү уулзалт нь Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр, "Алтайн залуус" арга хэмжээний хэрэгжилт, Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлын үр дүнг залуучууд, олон нийтэд сурталчлах, залуучуудад тулгамдаж буй асуудлаар тэдний дуу хоолой, санал санаачилгыг сонсох, хэлэлцэх зорилготой ажээ. Цахим уулзалтыг тус аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төв, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран зохион байгуулагчаар оролцох юм.


Холбоотой мэдээ