Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах ажлыг эрчимжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдааны сайд А.А.Слепневтой энэ сарын 6-нд уулзав.
Уулзалтын үеэр ноён А.А.Слепнев Монгол Улс, ЕАЭЗХ-ны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг боловсруулах ажлыг түргэтгэх саналтай буйгаа илэрхийллээ. Хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг энэ оны 11 дүгээр сард эцэслэн, 12 дугаар сард болох ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад танилцуулж, албан ёсны хэлэлцээ эхлүүлэх зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаагаа дурдав.
Элчин сайд Д.Даваа Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын тайлангийн төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсний зэрэгцээ зөвлөлдөх уулзалтуудын давтамжийг нэмэгдүүлэх боломжтойг онцлон тэмдэглэв.