Нийт нутгийн 20 хувьд зуншлага хэвийн, 75 гаруй хувьд дунд зэрэг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. УЦУОШГ-аас мэдээлснээр 2021 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар Дундговь аймгийн нийт
нутгийн 20 хувьд зуншлага хэвийн, 75 гаруй хувьд дунд зэрэг, 5 орчим хувьд муу
байна.
Энэ зуны байдлаар хур тунадас 4 дугаар сард ихэнх нутгаар
олон жилийн дунджаас ахиу, 5 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас
бага, 6 дугаар сард олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, 7 дугаар сард
нийт нутгийн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим буюу ахиу орсноор
бэлчээрийн ургамлын ургалт дээрдсэн.
Гэхдээ зуншлагын байдал дунд зэрэг, ургамлын ургалт
тааруу, таана голдуу, ургамал тачир, сийрэг байгаагаас нэгжийн ургац муу,
ургамлын үе шат гүйцээгүй, малын тооны хэт өсөлт нь даац хэтэрч гарах шалтгаан
болж байна гэдгийг мэргэжлийн байгууллагаас гаргажээ.
Аймгийн дүнгээр нутгийн 26 хувьд мал өвөлжилт, хаваржилт
хэвийн байх боломжтой. Харин нутгийн 46 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 8 хувь нь
3-5 дахин хэтэрсэн, 20 хувь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн өөрөөр хэлбэл
нийт нутгийн 74 хувьд бэлчээрийн даац 3 буюу түүнээс дээш олон дахин хэтэрч
гарсан байна.
Бэлчээрийн даац
олон дахин хэтэрч (улаан) гарсан сум, багуудын тоонд Эрдэнэдалай сумын
Рашаант, Баянжаргалан сумын Энгэр ус, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Өндөршил
сумдын багуудын нутаг орж байна.
Мөн Сайнцагаан сумын Тэвш, Үйзэн, Дэрэн сумын Бумбат,
Баянжаргалан сумын Шилийн гол багуудад бэлчээрийн даац 3-5 дахин (улбар шар)
хэтэрчээ.
Сайхан-Овоо сумын Төгрөг, Найз, Дэлгэрхангай сумын Ар
шавагтай, Эрдэнэдалайн Цавчир, Сангийн далай, Цагаан овоо, Луус сум, Адаацагийн
Ар-Урт, Өвөр-Урт, Хулд сумын Уул, Шувуутай, Сайнцагаан сумын Наран, Далай,
Дэлгэрцогтын Дэлгэр-Эмт, Дэрэнгийн Саруул, Исгэлэн, Гурвансайхан сумын Чулуут,
Элгэн, Гурвансайхан баг, Өлзийтийн Дэрт-1, Дэрт-2, Буянт-1, Буянт-2 багуудын
нутагт бэлчээрийн даац 1-3 дахин
хэтэрсэн тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй төлөвтэй байгаа
аж.
Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон ба бороо их орсон
газраар лууль, шарилж зэрэг нэг наст ургамлууд, таана, хөмүүл зонхилсон. Гэхдээ
эдгээр ургамлууд өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлдэхгүй онцлогтойгоос
гадна мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүй байгаа зэрэг онцлог нөхцөл үүсч
болзошгүйг УЦУОШГ-аас анхааруулаад байна.
Тиймээс Өвөл, хаврын
бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сумд өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл
нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч,
өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулах, орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт
хийж ажиллах шаардлагатай байгааг мөн онцоллоо.