“Зуун айл”-ын цагаан байруудыг дахин төлөвлөлтөд хамруулахыг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-30 14:56:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Зуун айл”-ын цагаан байруудыг дахин төлөвлөлтөд яаралтай хамруулах шаардлагатай байна.


Ингэхдээ зөвхөн орон сууц барих бус, сургууль, цэцэрлэг барьж, нийгмийн дэд бүтцийг хамтад нь бий болгохыг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа тэмдэглэв.


Сүхбаатар дүүрэг 20.8 мянган га газар нутагтай, 145 мянга гаруй хүн ам, 39 мянган өрх бүхий 20 хороотой нийслэлийн ууган дүүргийн нэг. Тус дүүрэг нь хөдөлгөөнт оффис, хог хаягдлын ухаалаг систем нэвтрүүлж, гэрэлтүүлэг, камержуулалтаар тэргүүлдэг. Дүүргийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэр дахин төлөвлөлтөд хамаардаг. Дээрх хороодод одоогоор 7817 өрхийн 30.476 иргэн амьдарч байна. Энэ тоо 2030 он гэхэд 25.9 мянган өрхийн 91 мянга болж өсөх судалгаа гарсныг дүүргийн Засаг дарга дурдлаа.


Тус дүүргийн тулгамдсан асуудал нь шар ус, борооны үер буудаг газруудад суурьшсан айл өрхүүд. Дүүргээс зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүх шаардлага тавьдаг ч иргэд 11-25 жилийн турш суурьшсан, үл хөдлөх хөрөнгө барьсан тул албадан нүүлгэхэд бэрхшээлтэй аж. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хорооны нутаг, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Сэлбэ голын ай сав дагуу газар эзэмшиж, ашиглаж,  өмчилсөн 847 иргэн, аж ахуйн нэгж бий. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд үерийн далан сувгийг цогцоор байгуулах, инженерийн шугам сүлжээ бий болгоход анхаарахыг мөн хүсжээ.    

 

Холбоотой мэдээ