Хоёр дахь "Өглөөний гудамж"-ийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-30 10:47:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эртэч иргэддээ зориулан  “Өглөөний гудамж” өнөөдөр нээхээр болжээ.


Тус “Өглөөний гудамж”-ийг Жамьян гүний гудамж буюу “Blue Sky”-ын урд талд нийтийн эзэмшлийн 600 метр квадрат талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулсан аж. Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчин бүрдүүлэхийг зорьж байгальд илүү ээлтэй, эко орчныг бүрдүүлснээрээ онцлог аж.


“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06.00-09.00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Өглөөний гудамжаа эко байдлаар тохижуулж, ая тухтай байх орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь таатай хэрэг. Өглөөний гудамжинд хүүхэд залуус чуулж, санаа бодлоо илэрхийлдэг, ая дуугаа өргөдөг. Ахмадууд маань тэднийг сонсож, амарч амсхийдэг. Ийм сайхан гудамж талбай улам нэмэгдэж,  хотын уур амьсгалыг зөөлрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих бас нэг боломж. Бусад дүүргүүд ч мөн ийм ая тухтай орчныг бүрдүүлэх юм” гэлээ.


Нийслэлд анхны өглөөний гудамжийг Жуулчны гудамж буюу хуучнаар "Гутлын-22"-т жишиг болгон нээсэн юм. 





Холбоотой мэдээ