Сийлбэрч, жолооч П.Алтансүх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-27 19:10:39

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Авран хамаалах ажлынхаа хажуугаар өөрийн онцгой авьяасаараа байгууллага, хүмүүст хүссэн загвараар нь гарын ураараа тус дэм болж яваа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч П.Алтансүхтэй ярилцлаа.  

-Онцгой байдлын байгуулагын ажилтан гэхээр нэн түрүүнд аврах хамгаалах үйл сэтгэлд буудаг. Гэтэл өөрөө тэс ондоо авьяас, хоббитой нэгэн гэдгийг онцолмоор санагдлаа. Хэзээнээс өөрийнхөө сонирхол хоббиг хөгжүүлж эхэлсэн бэ?

-Би 10-н жилийн сурагч байхдаа хөдөлмөр, шугам зургийн хичээлүүддээ сайн, энэ хичээлүүддээ их сонирхолтой байсан. Хөдөлмөрийн хичээл орохоор модоор завь, машин, тоглоом хийгээд л суучихдаг, шугам зургийн хичээл дээр зураг сайн зурдаг хүүхэд байлаа. Үүнийгээ дагаад 1994 онд 8 дугаар ангиа төгсөөд техник мэргэжлийн сургуульд сийлбэрчний ангид элсэн орж 1996 онд сийлбэрчин мэргэжлээр төгссөн.

-Өөрийнхөө сонирхол хоббидоо хөтлөгдсөн, мэргэжлийн сийлбэрч байх нь. Бүтээлүүдээсээ танилцуулахгүй юу?

-Миний бүтээл зөвхөн модоор юм хийгээд зогсохгүй анги байгууллагынхаа өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор гадна дотор засварыг хариуцан хийдэг. 2009 онд Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 8 айлын орон сууцыг ахлан барьж ашиглалтад оруулсан. 2018 онд мөн ангийн гал унтраах болон шуурхай албаны автомашины 195м2 талбайтай тавиуланг шинээр өргөтгөн барьж, ангийн гадна талын 900 м2 талбайг жагсаалын талбай болгон зассан. Мөн сургалтын цамхагийн барилгыг шинээр барьж дуусгасан байгаа. Сүүлд гэх юм бол 2021 онд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн сургалтын танхимыг түшиглэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг олгох “Аврагч мазаалай" сургалтын танхим, өрхийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах мэдлэгийг иргэдэд түгээх зорилгоор “Аюулгүй өрх" сургалт арга зүйн танхим.  Мөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах “Галын аюулгүй байдал" сургалтын танхимуудын засварын ажил, модон тавилгуудыг хийж гүйцэтгээд байгаа.

-Энэ авьяасаа түшиглээд ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцож байв уу. Анхны бүтээл тань юу байв?

-1993 онд 7 дугаар ангийн сурагч байхдаа аав, ээж маань цагаан сарын хэвийн боов хийх хэв худалдаж авна гээд ярьж байхыг сонсоод хөдөлмөрийн хичээл дээрээ хэвийн боовны хэв хийсэн. Түүнийгээ аав, ээждээ өгсөн. Энэ маань миний анхны бүтээл юм даа. Мөн 1993 онд сургуулиас зохион байгуулж байсан "Хэн сайн зурах вэ?" зургийн тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан.

-Хамгийн сонин бөгөөд содон юу урлав?

-Онцгой байдлын байгууллагынхаа ажилтны гэрийн таазыг орчин үеийн загвараар хийж өгсөн. Энэ мань шинэлэг болоод содон болсон доо.

-Хамгийн сэтгэл дүүрэн, бахархах урлал тань юу байв?

-2009 онд Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 8 айлын орон сууцыг ахлан ажиллаж, барьж ашиглалтад оруулсан. Энэ маань миний хамгийн их хайртай болоод түүхтэй бүтээл маань юм.

-Онцгой байдлын байгууллагад хэдэн жил ажиллаж байна. Ямар албан тушаалуудад томилогдон ажиллав?

-Онцгой байдлын байгууллагад 12 жил ажиллаж байна. 2009-2018 онд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангид гал унтраах автомашины жолооч. 2018 оноос одоог хүртэл Онцгой байдлын газрын Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор ажиллаж байна.

-Баярлалаа. Таны цаашдын ажилт амжилт хүсье.

Холбоотой мэдээ