Дорнын эдийн засгийн чуулганаар Монгол, Оросын хэтийн төлвийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-23 16:08:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Владивосток хотноо есдүгээр сард болох Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын үеэр "ОХУ, Монголын харилцааны түүх ба орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.


Хурлаар хоёр орны стратегийн түншлэл, худалдаа эдийн засаг төдийгүй хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, хэтийн төлөв болон холбогдох тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм. Энэ үеэр хоёр орны хамтын ажиллагаа тэр дундаа эдийн засгийн харилцааны хэтийн төлөв, харилцан ашигтай байх чиглэлд онцгойлон анхаарч ярилцахаар төлөвлөсөн байна.


​ОХУ-тай хийх эдийн засгийн харилцааны гурван шинэ боломж


Манай хоёр улсын хамтарсан томоохон үйлдвэрүүд Монголын талд 100 хувь шилжсэний дараагаар хоёр улсын эдийн засгийн харилцааны өнгийг 1949 онд байгуулсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатарын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг тодорхойлох болсон. Цаашид ч салбарын хамтын ажиллагаа өсөн нэмэгдэж, харилцан ашигтай хөгжих боломж бүрдүүлэхийг зорин ажиллах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Таван толгой-Зүүнбаянгийн чиглэлийн 415 километр урт, шинэ төмөр замын техникийн консалтинг үйлчилгээг ОХУ-ын “РЖД Интернешнл” компани хариуцахаар болсон. Уг шинэ төмөр зам нь Монгол, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн томоохон зангилаа болох юм. 


ОХУ 2030 он хүртэл төмөр замынхаа хөгжлийн стратегийг баталж, Транссибирийн төмөр замыг шинэчлэх, өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улс дамнасан транзит тээврийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. ОХУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2018 оны зургадугаар сарын 08-нд “Монгол Улс 25 жилийн хугацаанд гуравдагч улс орнууд руу бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд тарифын хөнгөлөлт эдлэх гэрээ”-г үзэглэсэн. Гэрээ ёсоор манай улс нүүрс тээвэрт 66,4 хувь, чингэлэг болон ачаа тээвэрт 52 хувь хүртэлх хөнгөлөлт эдлэх юм. Энэ нь хямд зардлаар бусад орны зах зээлд гарах нөхцөлийг бүрдүүлжээ. 


Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу тавих “Сибирийн хүч 2” хийн хоолойн үргэлжлэл “Союз Восток /Дорнын холбоо/” чиглэл манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломж нээгдэж байна. ОХУ-ын төрийн өмчит “Газпром” нэгдлийн удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй ажлын хэсгийнхэн энэ оны гуравдугаар сард ирээдүйд тавигдах хийн хоолойн маршрут дагуу тандалт нислэг хийсэн. Улмаар манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх нь хамгийн оновчтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс Монгол Улсын Засгийн Газар болон “Газпром” нэгдэл хамтарсан ажлын хэсэг байгуулан 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан гарын үсэг зурж, “Союз Восток/Дорнын хүч/” хий дамжуулах хоолойг барих техник эдийн засгийн төлөвлөгөөг баталсан.


Одоо техник эдийн засгийн үндэслэлийг эцэслэн боловсруулах шатандаа явж байна. “Сибирийн хүч” хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төсөл хэрэгжсэнээр олон мянган ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ. Хийн салбар дахь нэг ажлын байр бусад салбарт 4-6 ажлын байр бий болгодог онцлогтой. Мөн энэхүү төсөл нь Монгол Улсын эдийн засагт томоохон дэмжлэг болох төдийгүй, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд шууд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн хийн хоолой тавигдсанаар Сүхбаатар, Дархан, Улаанбаатар, Сайншанд хотуудын агаарын бохирдлыг 90-ээс дээш хувиар бууруулах боломж бүрдэх юм.


Түүнчлэн Монгол Улс болон ОХУ нь геологийн хайгуулын салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхээр зорьж байна. “Зарубежгеология” ХНН, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд геологи геофизик, инженер геологийн судалгааг хамтран явуулах гэрээнд, “Росгеология” ХНН, Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар хооронд Монголын ашигт малтмалыг өөрийн үйлдвэрүүдэд боловсруулах талаар санал солилцож, гэрээ байгуулсан. Одоогоор Оросын хэд хэдэн компани оролцох хүсэлтээ илэрхийлээд байна.

Холбоотой мэдээ