ЕБС-д элсэгчдийг parent.edu.mn системд бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-09 17:04:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийг эцэг эхэд зориулсан parent.edu.mn үндсэн систем, ESIS мобайл аппликэйшн болон тухайн сургуулиуд дээр бүртгэлийн комисс ажиллуулан зохион байгуулна.


Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын мэдээллийн технологийн төвийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Үнэнбат, Боловсрол мэдээллийн технологийн газрын дарга Ц.Тодгэрэл нар өнөөдөр мэдээлэв.


БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир, "2021-2022 оны хичээлийн жилд 718 817 хүүхэд ЕБС суралцана. Үүнээс бага ангид 378 мянга гаруй, дунд ангид 236.6 мянга гаруй, 103.6 мянга гаруй хүүхэд суралцахаар байна. Мөн нэгдүгээр ангид энэ жил 80 628 хүүхэд элсэх төлөвтэй байна. Үүнээс нийслэлд 40 330, орон нутагт 40 298 хүүхэд нэгдүгээр ангид суралцана. Хамгийн олон элсэгчтэй нь нийслэлийн хувьд Баянзүрх дүүрэг бөгөөд 10 068 хүүхэд байна. Харин орон нутагт хамгийн олон элсэгчтэй нь Хөвсгөл аймаг бөгөөд 3 025 хүүхэд элсэх юм.




Бүртгэлийг энэ сарын 4-нд эхлүүлсэн. Өмнөх жилүүдэд эцэг эхчүүд өөрсдөө мэдээллээ цахим санд байршуулж, сургуулиа сонгон бүртгүүлдэг байсан. Харин одоо бол улсын бүртгэлийн системд үндэслэн зургаан настай хүүхдийг сургуульд нь шууд хуваарилна.


Өнөөдрийн байдлаар нийслэл болон арван аймгийн хамран сургах тойрог бэлэн болсон. Эдгээр газрын хүүхдүүд шууд оршин суугаа хаягийнхаа дагуу сургуульдаа хуваарилагдана. Одоогоор 180 хүүхэд хаяг нь тодорхойгүй байгаа. Тэднээс бусад хүүхдийг энэ сарын 16 гэхэд хуваарилах ба үүнээс хойш эцэг эхчүүд системд хандаж, бүртгэлээ баталгаажуулна.


Энэ удаад цахим бүртгэл, хуваарилалт амжилттай болбол цаашид цахимаар шийддэг болно. Мөн хаягийн тодорхойгүй хүүхдүүдийг мэдээллээр хангахад туслах үүднээс ЕБС дээр элсэлтийн комисс байгуулна. Эцэг эхчүүд сургууль дээр ирж ажил удах шаардлагагүй" гэлээ.


Хамран сургах тойргийн мэдээллийг гаргаж, системд оруулах ажил явж байгаа. Энэ сарын 16-ны 09.00 цагаас элсэгчдийн бүртгэл parent.edu.mn систем дээр нээлттэй болно. Эцэг эхчүүд дээрх систем рүү ороод хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулна. Хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийхээр танай хүүхэд энэ сургуульд орох боломжтой, та зөвшөөрч байна уу, баталгаажуулах уу гэдэг мэдээлэл гарч ирэх бөгөөд баталгаажуулах хугацаа энэ сарын 16-25-ны 17:00 цаг хүртэл байна.


Сургуулиуд анги бүлэгт хуваарилах ажлийг энэ сарын 26-30-нд хийнэ. Бүртгэлтэй утасны дугаарын дагуу танай хүүхэд аль сургуулийн аль бүлэгт хэн багшийн ангид орсон талаарх мэдээлэл очих юм.

Холбоотой мэдээ