Х.Нямбаатар: Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэхийг шаардсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-09 13:06:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын аудитын шинжээчид Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сар хойшилсон нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэж гарчээ. Уг дүгнэлтийг "Рио Тинто" компанитай Оюутолгойн асуудлаар хэлэлцээ хийх Ажлын багийн гишүүд өнөөдөр нийтэд мэдээлэв. Энэ үеэр ажлын багийн гишүүдээс зарим зүйлийг тодрууллаа.


-“Рио Тинто” компани шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?


-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Лондонгийн арбитрийн шүүхэд маргаан үүссэн байгаа. Бид сөрөг нэхэмжлэлийнхээ хүрээнд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүргүүлэхээр төлөвлөж байгаа. “Рио Тинто” нь Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлснийхээ төлөө жил бүр бүх зардлаас 6 хувийн төлбөр авч байгаа. Ийм өндөр зардлаар менежмент хийж байгаа атлаа энэ хэмжээний хохирол гараад байгаа тул хэлэлцээрийн явцад буруутай эзнийг олох шаардлага гарна. Хоёрдугаарт, анх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын Засгийн газарт үр өгөөж багатай байгаа. Үүний дагуу 2019 онд УИХ-аас 92 дугаар тогтоол баталж, гэрээг засан сайжруулах үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу ажлын баг ажиллаж, эрх зүйн маргаан үүсгэж, шинжээчдийн дүгнэлт гаргасан. Мөн хэлэлцээрийн асуудал давхар явж байгаа. Өнөөдөр “Рио Тинто”-д гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх шаардлагыг өнөөдөр хүргүүлсэн. Гүний уурхайд олборлолт эхэлснээр хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газарт ирж буй татварын болон бусад орлого нэмэгдэнэ. Энэ хугацаанд үргэлжлүүлж хэлэлцээр хийх юм. Энийг хийхгүй бол “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулагчид ч, Монгол Улсын Засгийн газарт ч хохиролтой байна. Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто”-гийн өргөн барьсан ТЭЗҮийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв хүлээн зөвшөөрвөл олон улсын маргаанд ялах магадлалыг багасгана. Тиймээс 2015 онд баталсан санхүүжилтийн төлөвлөгөө, өмнө нь баталсан ТЭЗҮ-ийн хүрээнд олборлолтоо эхлүүлж, энэ хугацаанд хэлэлцээр болон эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх процесс явагдана. Мөн Оюутолгойн ТУЗ шинжээчдийн дүгнэлтэд албан ёсоор тайлбар хийхийг шаардсан.


-Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал хэтэрсэн нь ямар шалтгаантай вэ гэдгийг тогтоосон уу?


-Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир: Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт бол блокоор нураан олборлох аргачлалаар дэлхийн хамгийн томд орох уурхайн нэг. Одоогийн байдлаар ТУЗ-ийн гишүүдэд ирүүлсэн тайлангийн хүрээнд зардал хэтэрсэн нь шалтгаан нь хугацааны хоцролт, үүнтэй холбоотой нэмэлт зардал, хяналтын зардал, төслийн менежментийн асуудал байна. Энэ талд хувьцаа эзэмшигчид болон тэдний төлөөлөл нь дараагийн нэг сар, нэг сар хагасын хугацаанд техникийн багаа ажиллуулаад, дүгнэлтээ гаргаж, Оюутолгой болон Рио Тинто компани бидэнд тайлбар ирүүлэх байх.


-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго: Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт маш дэлгэрэнгүй ирсэн. Үүнтэй ажлын баг болон техникийн дэд баг танилцаж байгаа. Мөн уг дүгнэлтийг гүний уурхайн чиглэлээр мэргэшсэн Аллан Мосс, Жон Барбер зөвлөх баталгаажуулсан. Дүгнэлтэд бол зөвлөхүүд хугацаа хойшилсон нь юунаас шалтгаалсан талаар дэлгэрэнгүй  тусгасан. Нөгөө талаасаа, зардал юунаас болж хэтэрсэн талаар хөндлөнгийн аудит оруулж дэлгэрэнгүй дүгнэлт гаргуулах нь зөв гэсэн зөвлөмж өгсөн. Засгийн газраас Оюутолгой төслийн ТУЗ-өөр дамжуулан шаардлагатай ажлыг хийх болно.

Холбоотой мэдээ