Япон медалийн амжилтаа шинэчлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-08-06 13:57:20

ТОКИО. /Kyodo/. Япон улс Токиогийн Олимпын наадмаас пүрэв гарагт 42 дахь медалиа хүртсэнээр 2016 онд Рио-де-Жанейрогийн Олимпын үеэр тогтоосон өмнөх амжилтаа /41 медаль/ шинэчиллээ.


Японы тамирчин Коки Икэда эрэгтэйчүүдийн 20 км-ийн спорт алхалтын төрөлд мөнгөн медаль хүртсэнээр улсынхаа 42 дахь медалийг авчирчээ. Мөн энэхүү төрөлд дэлхийн аварга Тошиказү Яманиши хүрэл медалийн болзол хангаснаар 43 дахь медалийн эзэн болжээ.


Мөн Японы тамирчид пүрэв гарагт дахин гурван медаль хүртсэнээр Токиогийн Олимпоос хүртсэн медалийнхаа тоог 46-д хүргэсэн байна.


Энэ удаагийн Олимпын наадмыг АНУ-ын баг тамирчид нийт 91 медаль хүртсэнээр медалийн тоогоороо тэргүүлж байгаа бол БНХАУ 74 медальтайгаар хоёрдугаарт жагсаж байна. Харин медалийн чансаагаар 34 алтан медаль хүртсэн БНХАУ нэгдүгээрт, 29 алтан медаль хүртсэн АНУ хоёрдугаарт бичигдэж байгаа юм.


Медалийн чансаагаараа гуравдугаарт жагсаж буй Япон улсын хувьд энэ удаагийн наадмаас түүхэндээ хамгийн олон алтан медалийг хүртээд байгаа бөгөөд долоодугаар сарын 30-нд алтан медалийнх нь тоо 17-д хүрснээр энэхүү амжилтыг тогтоожээ. Одоогийн байдлаар тус улсын тамирчид 22 алтан медаль хүртээд байна.

Холбоотой мэдээ