Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 0.07 га газар олгох боломжгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-06 12:27:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд олон нийттэй харилцах төв 1111 дугаарын утсанд өнгөрсөн долоо хоногт ирсэн мэдээллийн дийлэнхийг Нийслэл, дүүргийн газрын албатай холбоотой гомдол мэдээлэл эзэлжээ.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “Дүүрэг, нийслэлийн газрын албадын дарга нарт  газрын маргааныг нэг мөр эцэслэх 60 хоногийн аян өрнүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, дүүрэг бүр дээрээ  газрын маргааны асуудлаа эцэслээд  дуусгая.


Дүүргийн газрын албадын дарга нар энэ чиглэлээр ажил зохион байгуулах шаардлагатай байна. Газрын маргаан үүсгээд хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд  дахин оролцохгүй. Үүнээс гадна нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 0.07 га газар  олгох боломжгүй болсон гэдгийг иргэдэд хэлэх ёстой.




Мөн сургууль, цэцэрлэг барихын тулд  айлуудын газрыг чөлөөлөх гэхээр хашааныхаа багахан хэсгийг 600 сая төгрөгөөр үнэлж байна. Хот иргэдэд үйлчилгээ үзүүлэх сургууль, цэцэрлэг,  эмнэлэг барихын тулд газар чөлөөлөлт хийдэг. Ирэх жил нийслэлд 320 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлтийн ажил хийх хэрэгцээ шаардлага үүссэн. Гэвч бүтээн байгуулалтын ажлаас давсан газар чөлөөлөлтийн өртөгтэй явж байна. Цаашид энэ янзаараа явбал иргэдийн хүсч хүлээж байгаа сургууль, цэцэрлэг хэзээ баригдах вэ?


Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг нь авлига авдаг албан тушаалтнуудтай тэмцэж иргэн  хууль хяналтын байгууллагын хооронд гүүр болж өгнө. Газар олгоход бэрхшээл учруулж байгаа хууль тогоомжийн алдааг ч  засна. Төрийн албан хаагчдын хандлагыг өөрчилнө гэсэн үндсэн гурван чиг үүрэгтэй ажилладаг" гэдгийг онцоллоо.


Цаашид иргэд төрийн албан хаагчдын авлига албан тушаал, хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой мэдээллийг 1111, 1112 дугаарын утсанд ирүүлснээр гомдол мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэнэ.


Мөн газар олголтын асуудлыг цахимжуулж, төрийн албан хаагчдаас иргэдэд мэдээллийг нээлттэй бөгөөд түргэн шуурхай шийдвэрлэхээр болсон байна.


Гэрэл зургийг Н.Батбаяр 
Холбоотой мэдээ