Дэлхийн чансааг тэргүүлэгч Монголын шүүгч Т.Энхцэцэг

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2021-07-30 21:14:59

Олимпын шигшээ барилдааныг шүүсэн анхны монгол эмэгтэй Т.Энхцэцэгийн талаар спортын ертөнц давалгаалж байна. Тэрбээр дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, Токиогийн олимпын дэвжээнээ шүүх эрхээ авсан юм. Олимпын дэвжээнд гарч өрсөлдөгчдийг цэгнэж, дүгнэн, тэдний хувь заяаг шийдвэрлэх эрхийг хэн хүссэн нь авдаггүй нь ойлгомжтой. Төрөлхийн даруу энэ бүсгүй Олимпод шүүх эрх авснаасаа илүүтэй дэвжээнд “Монголын Төрбат” гээд аавынхаа нэрийг дуурсгахаар боллоо гэж бодохоор сайхан санагдаж байна” гэж ярилцлага өгч байсан. Түүний тухай МҮОХ-ны албан ёсны эх сурвалжид

“Төрбатын Энхцэцэг

Төрсөн огноо: 1983.11.27 /38 настай/

Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ олимпийн зэрэглэлийн шүүгч

2017 он Унгар Будапешт дэлхийн аварга,

2018 он Азарбайжан Баку дэлхийн аварга

2019 он Япон Токио дэхийн аварга

2021 он Унгар Будапешт дэлхийн аварга

2017 оны Морокко Маракеш Үнэмлэхүй жингийн дэлхийн аварга,

4 удаа багийн дэлхийн аварга, 2 удаагийн залуучуудын дэлхийн аварга, 1 удаа өсвөрийн дэлхийн аварга, 2 удаа Азийн аварга, 30 гаруй гран при, гранд слам, масерс цуврал тэмцээнүүдийг дэнсэлсэн IJF-ийн шүүгчдийн чансааг тэргүүлж буй шүүгч” гэсэн байна.

Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ амны хаалттай, хөл хориотой цаг үе тулгарсан ч бусад орны шүүгчид тэмцээн уралдаан тогтмол шүүж, чансаагаа бага багаар ахиулж байсан бол Т.Энхцэцэгийн хувьд тийм боломж байгаагүй бөгөөд энэ нь эргээд чансаанд нь нөлөөлөх вий хэмээн санаад зовж байснаа ч  нуугаагүй юм. Цагийн байдлаас болоод 2020 онд тэр ердөө гуравхан тэмцээн л шүүжээ. Гэхдээ чансаагаа хадгалсаар, нэгдүгээрт эрэмбэлэгдсээр байсан нь түүний ур чадвартай холбоотой. Дэлхийн чансааг гурван жил дараалан тэргүүлсэн амжилтаараа Т.Энхцэцэг шүүгч 2018 онд Монголын спортын манлайлагчид л өргөдөг “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчийн цомыг хүртсэн. 

Бас нэг баримтыг дурдъя. Энэ бол “Токио-2020” олимпийн наадмыг шүүх бүрэлдэхүүн:

1. Mrs. Enkhtsetseg TURBAT (MGL)

2. Mr. Vladimer NUTSUBIDZE (GEO)

3. Mr. Raul CAMACHO (ESP)

4. Mr. Velimatti KARINKANTA (FIN)

5. Mrs. Roberta CHYURLIA (ITA)

6. Mr. Mathieu BATAILLE (FRA)

7. Mrs. Akiko AMANO (JPN)

8. Mr. Evgeny RAKHLIN (RUS)

9. Mr. Lubomir PETR (AUS)

10. Mr. Everado GARCIA (MEX)

11. Mrs. Sook Hee HYUN (KOR)

12. Mr. Orlando CRUZ (DOM)

13. Mr. Mariano DOS SANTOS (BRA)

14. Mr. Ramziddin SAYIDOV (UZB)

15. Mr. Jean-Claude DJIMBI (GAB)

16. Mrs. Annamaria FRIDRICH (HUN)



Шилдэг 16 шүүгчийг хэн манлайлж байгааг эндээс тодорхой харж болно. Тэгэхээр хүйсийн ялгаваргүйгээр дэлхийн бүх шүүгчийг тэр тэргүүлж байгаа гэсэн үг. Шүүгч хүнд сэтгэл зүй асар чухал гэдгийг Т.Энхцэцэг шүүгч хэлдэг. Тиймдээ ч “Аль болох тайван байж, өөр зүйлд сатаарахгүй байхыг хичээдэг. Дэвжээнд гарахынхаа өмнө өөртэйгөө ярилцаж, “Чи чадна. Хичээгээрэй” гэж өөртөө хэлдэг. Чухал, чухал бус барилдаан гэж үгүй. Бүгд чухал. Ямар ч үед сандарч болохгүй. Тэгвэл буруу шүүх ч эрсдэлтэй” гэж нэгэн ярилцлагадаа дурьдсан байсан.

Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж байлаа.

Өнөөдөр олимпын татами дээр гарч, алтан медалийн төлөөх шигшээ барилдааныг шүүж буй монгол бүсгүй Т.Энхцэцэг  “Би шүүгч болно гэж бодож байгаагүй. Аав минь жүдогоор барилдуулах их дуртай байлаа. Аав архины цехэд ажилладаг байсан. Би заримдаа цехэд нь очиж ажиллана. Тэгэхэд би архийг гурав, дөрвөн авдраар нь зөөдөг байсан. "Энэ бяртай нөхөр шүү. Бөхийн секцэнд явуулъя" гээд анх Ц.Шийрэв багшид шавь оруулж байсан. Дөрвөн жил хичээллэтэл мөр мултраад, сүүлдээ гараа дээш өргөхөд л мултардаг болчихсон юм. Тэгээд "Аварга" биеийн тамирын дээд сургуульд багш болохоор орсон. 2002 онд Б.Ууганбаатар багш минь "Шүүгчийн сургалт явуулах гэж байна, түүнд суу" гээд шүүгч болж байлаа. 2005 онд “Тэмүүжин” сургуульд орсон. 2010 онд “Тэмүүжин” сургуулийн захирал Д.Энхбаатар багш "Тайландад олон улсын шүүгчийн шалгалт болно, түүнд яв" гэсэн. Тэгж олон улсын дээд зэрэглэлийн шүүгч болсон. 2015 онд сая Гавьяат дасгалжуулагч болсон М.Бөхбат багш "Тайландад болох Азийн аварга шалгаруулах тэмцээн шүүгээд ир" гэж явуулж байсан. Тэнд шалгалт өгөөд А зэрэглэлийн шүүгч болж байлаа. Тэр үед олон улсын жүдо бөхийн холбооны дарга ирчихсэн байсан. Тэр хүн “Удахгүй би чамайг тэмцээнд урина. Чи хэлээ сайн сураарай” гэж хэлсэн. Надаас ямар нэгэн зүйл олж харсан шиг байгаа юм” гэсэн ярилцлагыг хэвлэлд өгч байв.

Тэгвэл өнөөдөр Токиогийн олимпын наадамд жүдогийн шүүгчээр оролцож байгаа Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг алтан медалийн төлөөх хэд хэдэн барилдааныг шүүгээд байна. Ингэснээрээ Т.Энхцэцэг нь олимпын шигшээ барилдааныг шүүсэн Монголын анхны эмэгтэй шүүгч, 1988 оноос хойш алтан медалийн төлөөх барилдааныг шүүсэн анхны монгол хүн болж байна. Түүнээс өмнө ийм том боломж “алтан шүгэлт” шүүгч Адуучийн Басхүүд тохиож байсан юм.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын шигшээ барилдааныг дэвжээнд шүүснийхээ дараа “Токио-2020 олимпод яг энэ алтан медалийн төлөөх барилдааныг шүүх гэж ирсэн. Энэ бол миний 20 жилийн мөрөөдөл” хэмээн сэтгэгдлээ хуваалцаад “Алтан медалийн төлөөх барилдааныг шүүхээр болсон байна гээд манай шүүгч нар надад баяр хүргэсэн. Би Үта Абэг шүүж үзээгүй байсан. Шүүе гэж боддог байсан. Үта, Бушар хоёр хоёулаа дэлхийн аварга, хурд өндөртэй, зүгээр зогсохгүй учир нэлээд ур чадвар шаардсан барилдаан болно гэж бодсон. Үүнийг л хийх гэж ирсэн гэж өөртөө хэлээд маш тайван гарч, амжилттай сайн шүүж дуусгасандаа баяртай байна” гэж ярилцлага өгчээ. 

Тийм ээ, бөмбөрцгийн тамирчдыг алагчлалгүй шударга зөвөөр шүүж, тэр хэрээрээ алдар нэр тань түгж, Монголынхоо нэрийн хуудас болж яваад монгол түмэн талархаж байна. Таны араас олон олон шүүгч, Олимпын дэвжээг дэнслэх болтугай.

                                                                       

Н. Саранчимэг

 

 

 

Холбоотой мэдээ