Архангай, Өвөрхангайн тариаланчид Хөдөө аж ахуйн биржтэй хамтран ажиллана

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-07-29 13:25:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөөлөл Архангай аймгийн Төвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Хархорин сумын тариаланчдын төлөөлөлтэй уулзав.


Архангай аймгийн Төвшрүүлэх суманд болсон уулзалтад 10 аж ахуйн нэгжийн төлөөлөл, аймгийн Хөдөө аж ахуйн тасгийн дарга, мэргэжилтэн оролцон, улаанбуудайг биржээр арилжихыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн, брокерын шимтгэлийн 0.1 хувийг цаашид өсгөхгүй байх, буудайн стандартыг дахин тодорхойлох, буудайн цавуулгийг шинжлэх сайн лаборатори, багажтай байх, урамшуулал өгөхгүй байснаар бодит үнэ тогтох боломжтой зэрэг саналыг уламжилсан байна.


Төвшрүүлэх суманд энэ жил 27 аж ахуйн нэгж, иргэн 5819 га талбайг тариалжээ.  Үүнээс 5294 га-д улаан буудай, 420 га-д ногоон тэжээл, 65 га-д овъёос, 40 га-д арвай тариалсныг ХХААХҮЯ мэдээлэв.


Харин Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон уулзалтад 15 аж ахуйн нэгжийн төлөөлөл, тус сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн оролцлоо. Тариаланчид биржээр улаанбуудай арилжихыг дэмжихээс гадна 3-4 жилийн дараах үнийг урьдчилан мэдэх боломжтой болж, мэдээллийн сан үүсэх нь амар тул оролцохоо илэрхийлжээ.


Хархорин суманд энэ онд 49 аж ахуйн нэгж, иргэд 8300 га-д улаанбуудай, 3230 га-д ногоон тэжээл, 102 га-д овьёос, 12 га-д арвай, 1 га-д эрдэнэшиш, 100 га-д хүнсний ногоо, 130 га-д төмс тариалаад байна. 

Холбоотой мэдээ