Оросын тамирчид Олимпын гурав дахь өдөр гурван алтан медаль хүртлээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-07-27 13:08:58

ТОКИО. /TASS/. ОХУ-ын тамирчид “Токио-2020” Олимпын наадмын гурав дахь өдөр таван медаль хүртсэний гурав нь алтан медаль байлаа.


Олон улсын хориг арга хэмжээнүүдийн улмаас ОХУ-ын Олимпын хорооны нэрийн дор Токиогийн Олимпод оролцож буй Оросын баг тамирчид өнөөдрийн байдлаар нийт дөрвөн алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.


Зуны Олимпын наадмын медалийн чансааг Японы баг тамирчид найман алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлж байна. Түүний араас АНУ долоон алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар бичигдэж байгаа бол Хятадын баг тамирчид зургаан алт, таван мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна.


Олимпын гурав дахь өдөр Оросын тамирчин Софья Позднякова туялзуур сэлмийн эмэгтэйчүүдийн төрөлд, Максим Храмцов таеквондонгийн эрэгтэйчүүдийн 60-аас доош кг-ын жинд, гимнастикийн эрэгтэй багийн тамирчид болох Денис Аблязин, Давид Белявский, Артур Далалоян, Никита Нагорный нар алтан медаль хүртжээ.


Харин мөнгөн медалийг Софья Великая туялзуур сэлмийн төрөлд хүртсэн бол Александр Бондарь, Виктор Минибаев нар 10 м тавцангаас усанд үсрэх төрөлд хүрэл медалийн эзэд болжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад даваа гарагт баяр хүргээд, Олимпын ялалт нь тамирчид, дасгалжуулагчдын хувьд хамгийн өндөр амжилт болохыг сайшаан амжилт хүссэн байна. 

Холбоотой мэдээ