Нэг удаагийн нислэгээр 150-250 га талбайд агаарын зураглал хийх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-07-23 15:11:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алтны бичил уурхайн зөвлөлөөс Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст Канад Улсын “AeroVironment Quantix Mapper” өндөр хүчин чадал бүхий дрон, агаарын зураглал боловсруулах компьютер, программ хангамжийн хамт хүлээлгэн өглөө.


Нисэх төхөөрөмж нь уул уурхайн нөхөн сэргээлтийг хянах, уул уурхайн улмаас эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эзлэхүүнийг тооцож зураглах, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүсийн хяналт мониторинг, ургамалжилтын ногоон массыг үнэлэх олон сувгийн Multispectral камераар тоноглогджээ. Ингэснээр 150-250 га талбайг нэг удаагийн нислэгээр зураглах хийх боломжтой болж байгаа юм.


Эдгээрийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, БОАЖЯ, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөлийн хамтран хэрэгжүүлж буй “planetGOLD Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр” төслийн хүрээнд өгч байгаа юм.  


Хүрээлэн буй орчныг хамгаалах, судалгаа, шинжилгээний ажилд цаг хугацаа хэмнэсэн сүүлийн үеийн техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ажиллагаанд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Ой, ус тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Отгонтөгс, мэргэжилтэн Э.Эрдэнэхүү, planetGOLD Төслийн менежер Б.Алтанбагана, төслийн ажилтан С.Чимэдрэгзэн оролцлоо.

Холбоотой мэдээ