ШУА, Унгарын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-07-01 17:41:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА, Унгарын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Унгарын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Хорват Лугосси Габор  нар өнөөдөр гарын үсэг зурав.

Хамтын ажиллагаа нь Унгар, Монголын түүх соёлтой танилцах, судлах зорилготой юм. Хамтын ажиллагааны хүрээнд талууд археологи, археогенетик, түүх, хэлний түүх, угсаатны зүй, ардын хөгжим болон бусад чиглэлээр хамтарсан судалгааны хөтөлбөрүүд эхлүүлэх юм. Мөн бие биенийхээ мэргэжлийн хөтөлбөрүүдэд туслах, харилцан туслалцаа үзүүлэхэд оршиж байна.


Санамж бичиг байгуулах ёслолд Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Обружански, Унгар судлалын хүрээлэнгийн Археологийн төвийн захирал Маколди Миклош, Монгол талаас ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн нар байлцлаа.


Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Шинээр томилогдсон Элчин сайдын монгол судлалын туршлага болон идэвх зүтгэлээр томоохон ажлууд хэдийн эхлээд явж байгаад баяртай байна. Энэ жил манай шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100 жил, ШУА байгуулагдсаны 60 жил тохиож байгаад бид давхар бэлгэшээж байна. 1961 онд анхны Унгар судлаач Монголд малтлага хийсэн байдаг. Нэг жарны дараа дахин малтлага эхлүүлж, бидний хамтын ажиллагааг улам идэвхжүүлж байгаа та бүхэнд  талархал илэрхийлье” гэлээ.


Унгарын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Хорват Лугосси Габор, “Бидний айлчлалын хүрээнд  "Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа" нээлт, хамтын ажиллагааны гэрээг үзэглэх 2 том үйл ажиллагаа үр дүнтэй, түргэн шуурхай болж байгаад талархаж байна. Манай хүрээлэнгээс Унгар, Монголын судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний сэтгүүл гаргахаар төлөвлөж байна. Судалгааны бүх салбарыг хамтарсан эрдэм шинжилгээний сэтгүүл байх юм. Энэ ташрамд хэлэхэд, манай хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Угсаатны зүйн сэтгүүл” нь олон улсын энэ салбарын хамгийн том сэтгүүл учраас  бид сэтгүүл эрхлэн гаргах арвин  туршлагатай гэж үзэж байна” гэсэн юм.


Элчин сайд Борбала Обружанскигийн хувьд өмнө нь ШУА-д айлчилж дээрх асуудлаар санал солилцож байсан. Энэ удаа тэрбээр “Ирэх 11 дүгээр сард  хийхээр төлөвлөж байгаа хоёр улсын ШУА-ийн хамтарсан “Шинжлэх ухааныг сурталчлах өдөрлөг”-ийн үеэр энэхүү санамж бичигт тусгагдсан олон ажил, ажил хэрэг болж ярих үр дүн ихтэй байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.    



Холбоотой мэдээ