Нүүдлийн багийн төв ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хулд сум төрийн үйлчилгээг малчдад
ойртуулах зорилгоор “Нүүдлийн багийн төв” ажиллуулахаар болжээ.
Тус сум 100 хүний багтаамжтай, 10х15 харьцаа бүхий асар
худалдан авч, түүнийгээ багийн төвдөө барьж, жилд 1-2 удаа багийн төвдөө
төрийн бүх үйлчилгээг үзүүлж байхаар болж байна.
Баг болгонд “Багийн төв” нэртэй эзэнгүй барилга байдаг
бөгөөд түүнийг жилд 1-2 удаа л ашигладаг. Түүнийг харж хандах хүн байдаггүй учраас
ихэнх нь эвдэрч, тоногдон хөрөнгө шамшигддаг бөгөөд сүүлийн жилүүдэд багууд ихэнхдээ
БИНХ-аа сумын төвд хийдэг болсон тул малчдад
ихээхэн чирэгдэлтэй байгааг сумын Засаг дарга П.Бямбалхагва онцолсон.
Энэ нь бага зардлаар малчдадаа төрийн үйлчилгээг үзүүлж,
малчдынхаа оролцоог хангах зөв санаа гэдгийг ч тэрээр мөн тэмдэглэн хэллээ.
Тус сум 4 багтай. Хамгийн хол байрлах баг нь Олдох баг,
сумын төвөөс 55 км-т байдаг бол хамгийн ойр орших баг нь 25 км-т байдаг. Хуучин
багийн төв байсан суурингууд эвдэрч, балгас болсон тул энэ суурингуудыг сэргээж,
багийн төв шинээр барихад их хөрөнгө зарцуулах ба мөн л хамгаалалт байхгүйн улмаас
эргээд эвдэрч сүйрэх магадлалтай. Тиймээс тус сум ийнхүү хямд зардлаар багийн
төвийг ажиллуулж, төрийн үйлчилгээг малчдадаа хүргэх шинэлэг санааг хэрэгжүүлж
эхэллээ.