Өнгөрсөн жилээс эхлэн хөрсний бохирдол багассан үзүүлэлттэй гарах болжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-06-29 10:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллага хөрсний бохирдлын түвшин тогтоохоор 74 цэгээс дээж авч шинжлэхэд 60 орчим хувь нь цэвэр үзүүлэлттэй гарчээ. Үүнийг шинжээч мэргэжилтнүүд коронавируст халдварын тархалттай холбоотойгоор иргэд, байгууллага орчны ариун цэврийг сайтар сахиж, хөрсний ариутгал халдваргүйжүүлэлтийг түлхүү хийж буйтай холбон тайлбарлаж байна. Үлдсэн 40 хувь нь бохир гарсан хэвээр асуудалтай байгааг мэргэжлийн хяналтын байцаагч нар мэдээлж байна. 

Өмнөх жилүүдэд хөрсний бохирдол дунд болон цэвэр гэсэн үзүүлэлттэй тэр бүр гарч байгаагүй, дунд болон их бохирдолтой гэсэн ангилал ихэнх хувийг эзэлж байсныг хэлж байна. Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн хөрсний бохирдлын шинжилгээгээр цэвэр үзүүлэлтийн хувь хэмжээ өссөн үзүүлэлттэй гарах болжээ. Хөрсний бохирдлын эх үүсвэрийн голлох үзүүлэлтийг гэр хорооллын айлд өрхийн нүхэн жорлон эзэлдэг байна. 




Мөн айл өрхийн бохир ус болон үйлчилгээний газар ихтэй газруудын орчим хог ихтэй, машин тэргээ угаадаг зэргээс болж хөрс бохирдол ихтэй гардаг. Тиймээс гэр хорооллын айл өрхийн бие засах газрыг стандарт хангасан 00-оор солих, ариутгах татуургын шугамд холбох зэргээр шийдвэл хөрсний бохирдол буурах боломжтой байгааг мэргэжлийн хяналтын байгууллагын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хэлж байна. 




Холбоотой мэдээ