Аймгийн Төрөх тасагт 3 ихэр хүүхэд мэндэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-23 16:29:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт өнөөдөр 11:00 цагийн үед 3 ихэр хүүхэд мэндэллээ.

Тодруулж хэлбэл, Цэнгэл сумын иргэн 31 настай Х.Адилбиш гурван ихэр хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь түүний 2 дахь жирэмслэлт бөгөөд өмнө нь 1 хүүхэдтэй байжээ.

35-36 хоногтой жирэмсэн эхэд Төрөх тасгийн эрхлэгч Б.Жахсылых, эх барих эмэгтэйчүүдийн эмч М.Жанибек, мэдээгүйжүүлэлтийн эмч М.Маруа, нярайн эмч Х.Айбану, эх баригч Б.Айгерим, нярайн сувилагч А.Күлпаран, Б.Алтынгүл, мэдээгүйжүүлэлтийн сувилагч Ж.Агерке, хагалгааны сувилагч Ш.Лена, асрагч Ж.Бахытгүл нарын бүрэлдэхүүнтэй баг кесар хагалгаа хийж тус бүр 2000 гр жинтэй 2 хүү, мөн 2300 гр жинтэй охиныг эсэн мэнд эх барьж авсан байна.

Одоо амаржсан эх болон хүүхдүүдийн биеийн байдал сайн, хөхөө хөхөж байна гэж аймгийн Төрөх тасгаас мэдээллээ.

Ташрам дурдахад, 1990-ээд оноос хойш аймгийн Төрөх тасагт 3 ихэр хүүхэд мэндэлсэн 5 тохиолдол /Булган сумын эх-1, Алтанцөгц-1, Дэлүүн-1, Өлгий сумаас 2/ бий гэдгийг ахмад эмч нар хэлж байна. Харин сүүлийн 10-аад жилд орон нутагт ийм тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд 3 ихэр хүүхэд тээсэн хэдэн эх Улаанбаатар хотод ЭХЭМҮТ-д амаржиж байсан ажээ.



Холбоотой мэдээ