Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Хөгжлийн төв" барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-23 10:19:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” -ийг хэрэгжүүлж байгаа. Уг төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, тэдний бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой ажээ.

Төслийг хэрэгжүүлэгч ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар аж. Энэхүү хөгжлийн төвийг Дорнод, Ховд, Дархан-Уул, Архангай, Хөвсгөл болон Дундговь зэрэг зургаан аймагт барих юм.

Уг төвийн барилгын ажил Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт энэ сарын 5-наас эхэлсэн бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Боршоон ундраа” ХХК ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 10 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Ташрамд дээрх аймгуудад түгээмэл хөгжлийн загварыг баримталсан, орон нутгийн барилгын дүрэм, журам, стандартыг тусгасан, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, зоорийн давхартай, нэгээс хоёр давхар бүхий 1950 м2 талбан хэмжээтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Хөгжлийн төв барихаар төлөвлөсөн нь эхнээсээ биелэлээ олж барилга, угсралтын ажил эхэлжээ.

Холбоотой мэдээ