Гурав дахь суманд Ковидын тасаг нээлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-06-16 17:42:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Эрүүл мэндийн төвийн дэргэд 21 ортой Ковидын тасаг шинээр нээлээ.

Сүүлийн өдрүүдэд Сэлэнгэ аймгийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Энэ шалтгаанаар аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт дэлгэсэн ор хоногийн тоо дүүрсэн аж. Иймээс 2-р шатлалын эмнэлэгт үүсч болзошгүй ачааллыг зохицуулах зорилгоор орон нутгийн ЭМТ-үүдэд зөвшөөрөгдсөн ор хоногийн тоогоор Ковидын тасаг дэлгэн ажиллуулж эхэлжээ.

Тодруулбал энэ 13-нд Ерөө сумын ЭМТ-ийн дэргэд 21 ортой Ковидын тасаг нээж, хоёр өдрийн дотор тус тасгийн ор хоногийн тоо дүүрсэн байна. Иймээс дараагийн 21 ортой Ковидын тасгийг Жавхлант сумын ЭМТ-ийн дэргэд өчигдөр дэлгэжээ. Эл тасагт Алтанбулаг, Хүдэр, Орхонтуул, Баянгол, Сайхан, Сүхбаатар суманд батлагдсан нийт 12 тохиолдол, нэг ойрын хавьтлыг татан авч эмчилгээ, хяналтад оруулсан байна. Эдгээр иргэдийн биеийн байдал хөнгөн зэрэгтэй байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ