“Уутан хацарт” туужаар дамжуулан нарсан ойгоо хамгаална

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-06-16 09:47:17

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Найрамдлын хотын бүтээн байгуулалтад гар бие оролцсон Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэн Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ойдоо номын бэлэг барилаа.

Найрамдлын хотын нэгэн жарны ой ирэх сард тохионо. Ойн хүрээнд салбар бүр бүтээлч аян өрнүүлж байгаа. Үүний хүрээнд оюунлаг иргэддээ зориулан МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын гишүүн МУСГЗ, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн энэ насны нэгэн буян, бэлэг бэлгийн дээд ном бэлэглэж байгаад Дарханыхан талархалтай байна. Уг бүтээл нь нарсан ойн амьтдын адал явдлыг өгүүлэх бөгөөд энэ өдөр “Уутан хацарт” туужийн дээжийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалд гардууллаа.

Монгол орны ойн тавхан хувийг эзэлдэг нарсан ойг хамгаалах сэдэвтэй энэ ном нь бүх насныханд зориулагджээ. Ойн амьтдад тохиолддог хөгжөөнтэй, наргиантай үйл явдал, байгаль амьтан, ой мод ургамлын харилцааны зөн билгийн утга агуулга уг номд дүрслэгдсэн аж. Нарсан ойд олон амьтан амьдардаг. Тэд ой мод, цэцэг ургамалтайгаа ярьж ойлголцож, түүнийгээ хүмүүсээс илүү хамгаалж нөхөн сэргээдэг чадвартай. Ой мод амьтан жигүүртнүүд нь хоорондоо харилцдаг өөрийн хэлтэй. Газар, ус нь тэднийг сонсдог, энэ бүхнийг хүмүүс мэддэггүй. Тиймээс уг “Уутан хацарт” туужаараа дамжуулан уншигчдадаа тэрхүү ойлголтыг өгөхийг зорьсон гэдгээ зохиолч онцоллоо.

Байгаль дэлхийгээ, тэр дундаа нарсан ойг хамгаалах үзэл санааг шингээсэн уг номыг бүтээхэд аймгийн Засаг дарга Б.Азжаргал дэмжиж, хамтран ажилласанд зохиогч талархал илэрхийллээ. Түүнчлэн аймгийнхаа ЕБС-иуд болон байгаль хамгаалагчид, ойн нөхөрлөлийн гишүүдэд уг номоо бэлэг болгон гардуулсан аж. Хүн болон байгальд маш их ач тустай нарсан ойгоо хайрлан дээдлэхийг “Уутан хацарт” туужийн ном уншигчдадаа уриалж байна.

Ташрамд сэтгүүлч Ө.Рагчаасүрэн нь Өмнөговь аймгийн арван жилийн дунд сургууль дүүргээд ангийн нөхөдтэйгөө хамт 1968 онд илгээлт өвөртлөн Дархан хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож эхэлснээс хойш 50 гаруй жил амьдарч байна.

Холбоотой мэдээ