Цэцэрлэгт хүрээлэн байгуулахад хамтран ажиллахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-15 15:46:51
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд "Байгалийн цэцэрлэгт хүрээлэн-Даланзадгад" цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төсөлд хамтран ажиллахыг уриалж байна.
Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг "Амин хэлхээ байгаль сан"-гаас энэхүү төслийг санаачилсан байна. Хүрээлэн буй орчноо арчлан тордох замаар Даланзадгад сумын урд голд хөрс ба агаарын бохирдлыг бууруулах боломж буйг тус хамт олон онцоллоо. Тэнд ургаж байгаа ургамлуудыг сэргээн ургалтыг нь дэмжиж, нэмж тариалалт хийснээр экосистем дэх цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм.
"Бидний орчин-Бидний баялаг" уриатай уг төсөлд Даланзадгад сумын иргэн бүхэн гар бие оролцох үүрэгтэй. Учир нь Даланзадгадын салхин доод талын бут сөөглөг ургамлууд хогонд дарагдаж, аажмаар устах аюулд ойртож байна. Иймд тус сангаас тухайн орчныг үргэлж цэвэрлэж арчилж ирсэн байдаг. Хажуудаа байгаа говийнхоо унаган ургамлуудыг хамгаалж үлдсэнээр Даланзадгадаар овоглосон иргэн бүхний бахархал болох юм" гэж төслийг санаачлагч "Амин хэлхээ байгаль сан"-ийн тэргүүн Б.Баярчимэг хэллээ.
Даланзадгадын урд голын 5 га газрыг хашиж, нөхөх сэргээлт, бүтээн байгуулалт хийхэд 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө босгох шаардлагатай ажээ. Иймд хамтран ажиллахыг хүссэн хэн бүхэн 88740055 дугаарт залгаж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.
Холбоотой мэдээ