Агаарын бохирдлыг бууруулах шийдлийг эрэлхийлэх хакатон болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-06-12 13:05:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “UNLEASH Hacks Mongolia” нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд олон улсын инновацын хөтөлбөрийг энэ сард эх орондоо зохион байгуулна.


Энэхүү хөтөлбөр нь манай улсад нэн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах дижитал шийдлүүдийг боловсруулахаар зорьж байгаа. Уг хөтөлбөрийг Европын Холбооны дэмжлэгтэй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн санхүүжилтээр “Breathe Mongolia” ТББ, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо хамтран зохион байгуулж байна. Мөн Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой газар хөтөлбөрийг дэмжин ажиллаж байгаа юм.

“ТХЗ – 2030” гэж юу вэ?

“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан, тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Уг зорилгыг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан. 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.

“UNLEASH Hacks” яаж ТХЗ-той холбогдох вэ?

“UNLEASH” нь зорьсон цэгтээ хүссэн хугацаандаа хүрэхийн тулд нэгдсэн залуусын бий болгож буй “Хөгжлийн хурдасгуур”-ыг бүтээх арга замын нэг юм. Дэлхийн өнцөг булан бүрийн залуусыг нэгтгэн 2017 оноос Денмарк, Сингапур, Хятад зэрэг улсуудад зохион байгуулагджээ. Тус санаачилга нь дэлхийн тогтвортой байдлын нөлөө бүхий брэндүүдийн 54-т шалгарсан ба USAID, MIT, Greenpeace зэрэг байгууллагуудаас дээгүүр бичигдсэн.

Харин “UNLEASH Hacks” нь олон улсад танигдсан “UNLEASH” инновацын арга зүйгээр дамжуулан тухайн улсын залуучуудыг чадавхжуулан, орон нутагт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор жил бүр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг арга хэмжээ юм.

1. “UNLEASH” инновацын арга зүй

“UNLEASH” нь шинэлэг шийдлийг гаргахад үр дүнтэй арга зүй гэдгээрээ танигдсан загварчлах сэтгэлгээний аргачлал дээр суурилснаараа олон улсад танигдсан. Мөн арга хэмжээний үеэр мэргэшсэн олон улсын чиглүүлэгч нар санал, заавар өгдөг нь олон улсын стандартад нийцсэн чанарын баталгаа болдог.

Арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах сургалтууд олон улсын стандартад нийцсэн байх учраас шинэ техник, технологийн шийдлүүд, UNLEASH арга зүй, багаар ажиллах чадвар болон асуудлыг өргөн хүрээнд харах, судлах гэх мэт олон чадваруудыг эзэмших боломжтой.

2. Агаарын бохирдлыг бууруулах санаагаа “шийдэл”-д хүргэх боломж

Жил бүрийн нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд сансраас “Азийн бор үүл” харагддаг болсон нь агаарын бохирдол хүн бүрийн нэн түрүүнд анхаарах асуудал болсныг илтгэж байна. НҮБ, ДЭМБ-аас дэлхий дээрх 10 хүний ес нь бохирдсон агаараар амьсгалж, жил бүр долоон сая, цаг тутамд 800 хүн нас бардаг гэсэн тооцоолол гарсан.

Иймд “UNLEASH Hacks Mongolia”-д оролцсоноор агаарын бохирдлыг бууруулах өөрийн санал, эргэлзээг шийдэл болгон түүнийгээ бодитоор хэрэгжүүлэн үр дүнгээ үнэлэх, цаашлаад санаагаа хэрэгжүүлэх санхүүжилт авах гэх мэт олон боломжоор дүүрэн.

Шалгарсан гурван баг хөтөлбөрийн дараа өөрсдийн инновацлаг шийдлээ хөгжүүлэх санхүүжилт авах бөгөөд шинэлэг санаа зохиогчийн эрхээр баталгаажна.

1-р байр: 4.000.000₮

2-р байр: 2.000.000₮

3-р байр: 1.000.000₮

Холбоотой мэдээ