Сайн дурын иргэдийг сургагч багшаар бэлтгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-11 14:03:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороотой хамтран болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах сайн дурын иргэдийн сургалтыг зохион байгууллаа.


Сургалтад 10 иргэнийг хамруулан, үндэсний сургагч багшаар бэлтгэн, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах арга эзэмшүүлжээ.


Мөн энэхүү сургалтыг  Монгол Улсын Засгийн газрын 303 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулснаараа онцлог юм.


Монгол улсын хувьд байгалийн гамшигт өртөмтгий орон учир Гамшгийн нөхцөл байдлаас үүсэх үр дагаврыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг олгох нь нэн тэргүүний шаардлагатай үйл ажиллагаа юм. Гамшгаас хамгаалах талаар мэдлэгтэй болсноор бид өөртөө болон бусдад учрах аюул эрсдэл, өртөж болох эрсдлээ үнэн зөв, бодитойгоор үнэлж дүгнэснээр учирч болох хохирлын хэмжээг бууруулж чадна.


Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого баримт бичигт: Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах замаар улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангана гэж заасан байдаг.

Д.Урансолонго

Холбоотой мэдээ