Тээврийн хэрэгслээ согтуугаар жолоодсон 34 жолооч эрхээ хасуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-23 00:46:10

Дархан-Уул аймгийн Цагдаагийн Газрын Замын Цагдаагийн тасгаас эрхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн долоо хоногт 1960 тээврийн хэрэгслийг шалгаж 546 зөрчил илрүүлжээ.

Зөрчилтэй 422 жолоочид бэлэн бус байдлаар 11 сая 730 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үүнээс гадна зөрчилтэй 17 тээврийн хэрэгслийг түр саатуулсан бол согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 34 жолоочийг илрүүлж “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасчээ.

Энэ тухай тус Замын Цагдаагийн тасгаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулж гаргасан мэдээнд дурджээ.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ