НОМЫН СОЁЛЫГ ТҮГЭЭСЭН НОМЫН БАЯР

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-06-08 15:28:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


I.


Хүн бүхэн мэдлэг, мэдээлэл, боловсролыг цахим орчноос авах боломжтой болсон энэ цаг үед цаасан хэвлэл, номын соёлыг бүрэн гээсэнгүй. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний охь болсон сонгодог уран зохиолуудыг хэвлэмэл хэлбэрээр нь унших явдал харин ч эсрэгээрээ газар авч байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор залуусын дунд ном унших соёл түгэн дэлгэрч шинэ, шинэ хэвлэлийн газрууд шил дараалан мэндлэх болжээ. Мөн цахим орчин уншсан номынхоо тухай тэмдэглэл хөтөлдөг, аливаа нэг номын талаар мэтгэлцээн өрнүүлдэг “групп”, “пэйж хуудас”-ууд олноор нээгдэв. Тэдгээр дотор өрнөж буй үйл явдлыг ажиглахуйд номыг цахим хэлбэрээр бус хэвлэмэл байдлаар уншихыг илүүд үзэж буй нь илт.


Харин номын соёлыг олонд хүртээмжтэйгээр түгээн дэлгэрүүлэх, нийтэд сурталчилан таниулах, зохиолч уншигчдыг холбосон гүүр болж буй нэгэн цогц, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ бол “Номын ертөнц” ТББ-гаас зохион явуулдаг уламжлалт “Номын баяр” юм. Жилд хоёр удаа болдог тус арга хэмжээнд дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, зураач, 50000 гаруй уншигч сонирхогчид оролцдог байна.




2020 он гарснаар бид цаг үргэлж цар тахлын аюултай тулгарч ирсэн. Сүүлийн саруудад дотроо алдсанаар  өнгөрсөн оны 11 сарын сүүлчээр “хөл хорио” тогтоож, дунд нь ганц нэг долоо хоног завсардаснаас бусдаар хөл хорионы байдалтай байв. Хүн ихээр цугладаг газруудын үйл ажиллагааг зогсоож, томоохон тэмдэглэлт баяр наадмуудыг цуцалсан билээ. Сүүлд номын дэлгүүрүүдийн хаалгыг барьсан ч хүмүүс “онлайн” захиалгаар ном авч унших болсон. Ер нь ном соёлтой холбоотой үйл ажиллагаа бүрэн зогссонгүй. Уламжлалт “Номын баяр”-ыг халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлан зохион байгуулж, үйл ажиллагаагаа ч мөн тасалдуулаагүй билээ. Уран бүтээлчид бүтээлээ туурвиж, хэвлэн нийтлэгч компаниуд хатуу хөл хорио тогтоогоогүй үед ажиллаж, редакторууд хянаж, дуун хөрвүүлэгчид орчуулсаар байлаа. Тиймээс ч гадаад дотоодын нэлээдгүй олон сор бүтээлүүд хэвлэгдэж гарч уншигчид ч унших номоор тасраагүй юм.


Энэ удаад 29 дэх “Номын баяр”-ыг “Илүү их уншъя” уриатайгаар энэ сарын 11-13-ны хооронд уламжлал ёсоор Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Мэдээж уншигчид ганцхан удаа сөхөөд харчихдаг ном байхад цаг хугацааны эрхээр үнэ цэнээ огт алддаггүй ахин дахин уншсаар байдаг номууд ч бий. Нөгөөтэйгүүр сайн номыг үргэлж уншиж байх хэрэгцээ боловсролыг илүүтэйгээр чухалчлах болсон өнөөгийн нийгэмд тулгарч байна. Тиймээс л “Илүү их уншъя” гэх энэ гурван үгийг хүн бүр өөртөө цаг ямагт сануулдаг байгаасай хэмээн хүснэм.


II.




“Номын соёлт ертөнц” ТББ-ын тухайд дурдалгүй өнгөрч болохгүй. 2005 онд Б.Сувд Монголд анх удаа номын мэдээлэл, зохиогчдын тухай яриагаар дагнасан “Номын ертөнц” нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч, уншигчдад хүргэсэн билээ. Мэдээж түүний ард номд хайртай, уншигчид, номын соёлын түгээн дэлгэрүүлэх зорилготой залуус нэгдсэн байв. Эндээс л 12 жил тогтмол үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд гар бие оролцож, хөдөлмөр зүтгэлээрээ жигүүрлэсэн тэдний түүх эхэлнэ. Тэд “C1”, UBS” зэрэг телевизийн дэлгэцээр нийт 650 дугаарыг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн байна.


Харин 2018 оноос өөрийн гэсэн өнгө төрх, хэлбэрийг өөрчилсөн ч тус нэвтрүүлгийг даган дуурайсан ном, соёлтой холбоотой контентууд бүтээгдэх болжээ. Зохиолч  уншигчид, номын клубын уулзалт зэрэг өргөн цар хүрээтэй ажлуудыг тасралтгүй зохион байгуулсаар ирэв. Цар тахлын үед энэ нь цахим хэлбэрт шилжсэн бөгөөд хамгийн гол нь үйл ажиллагаа тасалдсангүй. Тэдгээр томоохон ажлуудын нэг нь өдгөө уншигчдын дунд хүлээлт ихээр үүсгэдэг “Номын баяр”-ын арга хэмжээ юм. Уг арга хэмжээ нь Улаанбаатар хотноо 28 удаа, Эрдэнэт хотод хоёр удаа зохиогджээ. Үндсэн арга хэмжээг зохион байгуулахад санаачлагчаас гадна, “Номын баяр”-ын зөвлөлийн гишүүд, “Номын ертөнц” клубын сурагчид, сэтгүүлийн редакц, зохион байгуулах баг, дэмжигч болон уншигчид оролцон ажилладаг ажээ.


Өөр нэг зүйл нь номын хандив юм. Байгууллагын зүгээс хэрэгжүүлсэн ажлын нэг нь жил бүр он солигдохын өмнө уншигчид, номын зохиогчидтой уулзан уут дүүрэн номтой бэлэг гардуулна. Нөгөөтэйгүүр нэвтрүүлэг болон бусад үйл ажиллагааны хүрээнд цуглуулсан номыг зорилтот газарт хандивладаг нь уламжлал болон тогтжээ. Энэ тухайд “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд “Бид номын салбарын хөгжилд, цаашлаад монголчуудынхаа оюуны дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, түүчээлэн ажиллаж буйдаа урамшдаг. Номын худалдааны эргэлт, уншилт нэмэгдсэн нь мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжихөд том хувь нэмэр болсон юм. Цаашид номын баяраа олон улсын нэр хүндтэй, өргөн хүрээтэй баяр болгох зорилго тавин ажиллаж байна” хэмээв.




Өөрийн туулж гарсан зам, мөрөөдөж ирсэн хүслийнхээ цэг дээр тэд зогсож байна. Зарим хүслээ тэд хэдийнэ биелүүлчихсэн. Тэдний олонхи нь дээвэр дээр мөрөөдөж суусан жаахан хүүхдүүд байсан бол одоо харин дараагийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байна. Алдаа, оноог өөрийн биеэр туулж гарсан хүний үйл ажил зөвхөн ярихдаа бус бодитоор биеллээ олж хүмүүсийн нүдэнд тодоор харагдаж буйдаа байдаг. Тийм л хүмүүсийн хэлсэн үгнээс биш, хийсэн үйлдлээс нь манлайлал үзэгддэг. Тэр нь хэн бүхний дотор "итгэл" болж үлддэг билээ. Энэ л замаар "Номын соёл ертөнц"-ийн хамт олон өгсөж явна. 


Өнөөдөр бидэнд хэрэгтэй, чухал зүйлс олон бий. Харин тэдгээрийн эхэнд “Илүү их уншъя” гэсэн уриа зайлшгүй багтах билээ.

 

Гэрэл зургийг | Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ