Гейтс, Баффет нарын компаниуд хурдан нейтроны реактор барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-06-04 13:23:47

ВАШИНГТОН. /The Guardian/. Тэрбумтан Билл Гейтс, Уоррен Баффет нарын эрчим хүчний компаниуд АНУ-ын Вайоминг муж улсад “Natrium” хэмээх шинэ төрлийн цөмийн реактор барихаар болжээ.


Нэг тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төсөлд Гейтсийн “TerraPower”, Баффетын “PacifiCorp” компаниуд оролцох юм. “TerraPower” компанийн гүйцэтгэх захирал Крис Левекийн хэлснээр, реакторыг барихад долоон жил шаардагдах бөгөөд ашиглалт орсныхоо дараа эрчим хүчний эрэлт оргил үедээ хүрсэн үед 500 МВт хүртэл цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой ажээ.


“Хурдан нейтроны реактор барьсны дараа эрчим хүчний салбарын тоглоомын дүрэм өөрчлөгдөнө гэж бид бодож байна” гэж Гейтс Вайоминг муж улсын Шайенн хотод реакторын танилцуулгын үеэр хэлжээ.


Хурдан нейтроны жижиг реакторууд нь уламжлалт цөмийн реактороос ялгаатай нь илүү их баяжуулсан түлш хэрэглэдэг байна. Энэхүү технологи нь байгаль орчинд илүү ээлтэйд тооцогддог боловч ийм өндөр түвшинд баяжуулсан түлш нь цөмийн зэвсэг бүтээхийг эрмэлзэж буй террористуудын “анхаарлыг илүү их татаж” болзошгүй гэж зарим шинжээч анхааруулж байна.  



Холбоотой мэдээ