Сонсголын бэрхшээлтэй залууст зориулсан цахим хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-05-27 15:15:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонсголгүй залууст зориулсан анхны цахим хэлэлцүүлгийг зохион байгуулах талаар “Монгол экологи төв” ТББ-аас мэдээллээ.


Тус төвийн “Сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй залуусыг Монголын тогтвортой хөгжилд оролцуулах нь” төсөл Австрали улсын Засгийн газрын 2020-2021 оны бичил төслийн хөтөлбөрт шалгарчээ.


Хэлэлцүүлэг “Монголын тогтвортой хөгжилд сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй залуусыг оролцуулж, тэдний оролцоог нэмэгдүүлэх” төслийн хүрээнд болох юм. Төсөл нь cонсголгүй, сонсголын бэрхшээлтэй хүүхэд залууст иргэний эрх үүргийнх нь талаар ойлгуулж, байгалийн болон соёлын өвийг удирдан зохицуулах, мөн Монгол Улсын тогтвортой хөгжилд дээрх хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.


Цахим хэлэлцүүлэгт Монголын Сонсголгүй эмэгтэйчүүдийн холбооны үүсгэн байгуулагч, тусгай хэрэгцээт боловсролын багш Б.Янжим болон Америкийн Иосемити Үндэсний паркийн сонсголгүй иргэдэд үйлчлэх зохицуулагч Kaра Стелла нар уригдан “Байгаль орчин ба залуусын оролцоо” сэдвээр илтгэл танилцуулах юм. Цахим хэлэлцүүлгийг 5 дугаар сарын 29-ний 10.00 цагаас Zoom meeting-ээр зохион байгуулна. 

“Байгаль орчин ба залуусын оролцоо” цахим хэлэлцүүлгийн зочин илтгэгч Б.Янжим хэлэхдээ, “Би байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд өөрийн чадах чинээгээр хувь нэмрээ оруулахыг хичээж хог хаягдлын эсрэг бүх зүйлийг "Би" төвөөс эхлүүлэх зарчим баримтлан ажиллаж байгаа"-гаа онцлов.


Тэрээр, "Энэ удаа бид сонсголгүй хүүхэд залуучуудын танин мэдэхүй, экологийн боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийх сайхан ажил эхлүүлж, мундаг залуустай хамтран ажиллах болсноо дуулгахад таатай байна. Мөн бидэнд урам зориг өгч хамтдаа суралцаж, туршлагажих, хамтран ажиллах санал тавьсан "Монгол Экологи төв"-ийн хамт олонд талархаж байна. Цаашид сонсголын бэрхшээлтэй олон залуу суралцаж байгаль орчноо хамгаалах, эрүүл аюулгүй амьдралын хэв маяг, хог хаягдлын хор уршгийг танин мэдэж эх орондоо хэрэгтэй зөв иргэд болон төлөвшихөд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулна гэж найдаж байгаа"-гаа илэрхийлэв. 



“Байгаль орчин ба залуусын оролцоо” цахим хэлэлцүүлгийн бас нэг зочин илтгэгч Кара Стелла хэлэхдээ, “Би АНУ-ын дохионы хэлний сонсголтой хэлмэрч хүн. Миний багын хамгийн сайн найз чихний өвчин тусаад сонсож чадахгүй болоход би дохионы хэл сурч эхэлсэн. Дохионы хэл сурах нь надад сургуульд сурахаас хамаагүй илүү таалагдсан. Би өөрийн дуртай хоёр зүйлээ холбосноор Америкийн Иосемити Үндэсний паркийн Сонсголгүй иргэдэд үйлчлэх зохицуулагчаар ажиллах боломжтой болсондоо маш их баяртай байдаг. 

Миний байгаль хамгаалагч болсон шалтгаан бол зэрлэг байгалийг хайрлаж хамгаалах, мөн тэднийг байгаагаар нь үлдээх явдал юм. Хүмүүн бид байгалиас хамааралтай мөн байгаль биднээс хамааралтай гэдгийг би үргэлж бодож явдаг. Энэхүү цахим хэлэлцүүлгээр, хүүхдүүдэд бид бүгд салшгүй холбоотой гэдгийг ойлгуулахыг хичээнэ” гэв. 


“Монгол Экологи төв”-ийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Эрдэнэсувд хэлэлцүүлгийн талаар хэлэхдээ, “Байгаль орчин ба залуусын оролцоо” хэлэлцүүлэг маань дохионы хэлмэрчтэй явагдах тул нийт сонсголгүй залууст чиглэсэн ч сонсголтой залуучууд ч мөн оролцох боломжтой" гэдгийг тодотголоо.


Хэлэлцүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ