“Xiaomi”-ийн эхний улирлын ашиг 260 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-05-27 13:10:04

ХОНКОНГ. /South China Morning Post/. Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” компанийн цэвэр ашиг энэ оны эхний улиралд жилийн дундаж үзүүлэлтээс 260.6 хувиар өсөж, 7.8 тэрбум юаньд (1.2 тэрбум ам.доллар) хүрчээ.


“Xiaomi”-ийн орлого нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд 76.9 сая юаньд (12 тэрбум орчим ам.доллар) хүрч, шинжээчдийн таамаглаж байснаас давсан байна. Энэ нь жилийн дундаж үзүүлэлтээс 54.7 хувиар өссөн тоо аж.


Эдгээр үзүүлэлтүүд сайжирсан нь дотоодын болон дэлхийн зах зээл дээр ухаалаг гар утасных нь нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой байна. “Xiaomi” ухаалаг гар утасны экспортын хэмжээгээр “Samsung”, “Apple” компаниудын дараа гуравт бичигдэж эхэлжээ. Нэгдүгээр улиралд тус компани 49.4 сая ширхэг утас нийлүүлсэн байна. Жилийн эцэс гэхэд Хятадын үйлдвэрлэгч энэ үзүүлэлтийг 200 саяд хүргэхээр төлөвлөжээ.


2010 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан “Xiaomi” компани 2018 онд Хонконгийн бирж дээр хувьцаагаа гаргажээ. Пүрэв гаргийн өглөө тус компанийн хувьцааны үнэ 4 гаруй хувиар өсөж, 29.3 хонконг доллар (3.8 ам.доллар) болсон байна.


Холбоотой мэдээ